“Багийн хөгжлийн төв”-ийн барилгыг ашиглалтад өгөхөд бэлэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын удирдлагын багаас
төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, тохилог таатай орчныг бүрдүүлэх зорилгоор
“Багийн хөгжлийн төв”-ийн барилгыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын эхлэл болгон Сүхбаатар сумын “Орхон”-ы 2-р багт эхний
ээлжийн барилгыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Энэхүү барилгын ажлын явцтай Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга өнгөрсөн даваа гарагт танилцлаа. Тэрээр:”-Манай суманд нийтдээ 5 багт багийн хөгжлийн төв байгуулахаар төлөвлөсөн. 2-р багт “Багийн хөгжлийн төв”-ийг өнгөрсөн жил барьж эхэлсэн одоо ашиглалтад ороход бэлэн болоод байна. Энд өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, багийн үйлчилгээг үзүүлнэ. Багийн хөгжлийн төв ашиглалтад орсноор иргэдэд төрийн үйлчилгээ, цаашлаад эмнэлэг, цагдаагийн үйлчилгээ ойртож байгаа юм. Энд ганц 2-р баг биш, 1-р багийн өрхийн эмнэлэг ч ажиллах боломжтой.
Цаашдаа бид 6, 7, 3-р багт ийм байр барихаар төлөвлөж байгаа. Аль болохоор жил бүр нэг багаа байртай болгохоор бодож төлөвлөж байна. Аймгийн удирдлагууд хөрөнгийг нь шийдэж, 370 сая орчим төгрөгийн тендер зарласан. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа” хэмээн ярилаа.
Харин тус барилгын ажлыг гүйцэтгэж буй Улаанбаатар хотын “Содон сод-Оюу” барилгын компанийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат.”-Энэ ажлыг гэрээний дагуу гүйцэтгэхээр ажил авсан. Уг нь өнгөрсөн оны 11-р сарын сүүлчээр дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэвч ковидын улмаас хөл хорионд орж ажил зогссон. Энэ оны 4-р сард ажлаа үргэлжлүүлээд ерөнхийдөө дуусч хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.
Бид цаг хугацаанд нь чанарын сайн үзүүлэлтэйгээр хийж гүйцэтгээд хүлээлгэж өгнө. Стандартын дагуу барилгын материал хэрэглэсэн. Норм норматив гэж байдаг. Түүний дагуу орон нутгийн барилга захиалагчийн болоод мэргэжлийн байгууллагуудын хяналт дор бүх материал чанарын сертификат, гэрчилгээтэй хийсэн. Агааржуулалт, холбоо мэдээлэл, дохиолол, гадна зам талбайг зургийн дагуу хийсэн. Доторх өрөө тасалгааг багийн засаг даргын саналаар бага зэрэг өөрчилсөн. Аймгийн орон нутгийн өмчийн захиалгаар хийж байгаа учраас захиалагч талын гаргасан зургийн дагуу барьж ашиглалтад өгч байгаа” хэмээн ярилаа.








