УОК-оос томилогдсон шуурхай баг Дундговьд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос томилогдсон Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалагаар ахлуулсан шуурхай ажлын баг Дундговь аймгийн зүүн 5 суманд ажиллалаа.
Байгалийн гамшгийн улмаас тус аймгийн хэмжээнд 331 мянга орчим мал хорогдож, аймгийн ОБГ, Мал эмнэлгийн газар болон сумдын Онцгой комиссоос 3 дугаар сарын 20-ноос эхлэн малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Хаврын хэд хэдэн удаагийн хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас малын хорогдол их хэмжээгээр гарч, хаваржилтын нөхцөл байдал хүндхэн байгаа учраас малын хорогдол гарсаар байна. 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 225 мянган сэг зэмийг устгаж, одоогоор 150 мянган орчим малын сэг зэмийг устгах шаардлагатай байгаа аж.
Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын баг 5 дугаар сарын 26-27-нд тус аймагт ажиллахдаа сэг зэм устгалын ажлын явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.