АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид Дорноговьд зочлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Иргэний цэргийн хамтын ажиллагааг дэмжих нэгжийн ахлагч Колин Аткинсон тэргүүтэй төлөөлөгчдийг Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Март энэ сарын 27-нд хүлээн авч уулзлаа.
Засаг даргын орлогч аймаг орон нутгийн онцлог, зарим бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулснаас гадна тус улсын Батлан хамгаалах яамны санхүүжилтээр 2017 онд Замын-Үүд суманд, 2020 онд Сайншанд суманд хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд дээрх цэцэрлэгүүд орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгааг дурдаж, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийн багт талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид өөрийн улсын хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан Сайншанд сумын хүүхдийн тавдугаар цэцэрлэгт сурах бичиг, ном гардууллаа.
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэний цэргийн хамтын ажиллагааг дэмжих нэгжийн ахлагч Колин Аткинсон, “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл үргэлжилж байгаа хэдий ч бид өнгөрсөн жил барьсан цэцэрлэгээ эргэж, багш нар болон хүүхдүүдийнхээ сурч боловсорч байгаа нөхцөл байдалтай танилцаж, удахгүй шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан хүүхдүүдэд зориулан ном сурах бичиг хүргэж өгөхөөр Сайншандад ирлээ.
Бид энэ удаа Монголын зохиолч уран бүтээлчдийн
туурвисан монгол номын дээжээс Сайншанд хотын тавдугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ
бэлэг болгон авчирсан. Энэ ном бол хоёроос дээш насны цэцэрлэгийн хүүхдүүдэд
тохирсон сурах бичиг бөгөөд бяцхан хүүхдүүдийн сурч боловсрох хөгжилд тодорхой
хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв.
Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Байгалтуяа,“АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг аймаг орон нутгийн удирдлага хүлээн авч санал солилцлоо.
Элчин сайдын яамныхан говь нутгийн хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор хоёр ч цэцэрлэг байгуулж, бодит хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байна. Энэ удаагийн уулзалтаар аймаг орон нутагт тулгамдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш хамран сургах төв, мөн сэргээн засах төвийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт түшиглэж байгуулах, шүдний кабинет байгуулах зэрэг саналыг тавьсан.
АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид дээрх саналыг судалж хэрхэн хамтарч ажиллах талаар хариу мэдэгдэхээ илэрхийлсэн гэв.
Ташрамд дурдахад, АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр 2017 онд АНУ-ын 790000 ам долларын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд 50 хүүхдийн хүчин чадалтай, гэрэл цахилгаан бага зарцуулдаг, хүйтний улиралд тэсвэртэй, байгальд ээлтэй, орчин үеийн технологи, шийдэл бүхий цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулж байсан юм.