Зуны олимп, паралимпод оролцох тамирчинд 10 сая төгрөгийн урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-27 12:05:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Токиогийн зуны олимп, паралимпод оролцох эрх авсан тамирчин тус бүрд 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.


Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 31 хүртэл сард 1.5 сая төгрөгөөр тооцож олгохоор болжээ. Цаашид тамирчны цалинг 1.2 сая, дасгалжуулагчийн цалинг 1.5 сая төгрөгөөр тогтоох аж. Үүнд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хорооны төсвөөс гаргана гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.


Үндэсний шигшээ багийн тамирчид олимп, паралимпын 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм.

相关新闻