Иргэдийг орон сууцжуулах тусгай бодлого боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-27 12:00:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг орон сууцжуулах тусгай бодлого боловсруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр холбогдох албанынханд үүрэг болгожээ.


Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэхдээ, “Иргэдийг орон сууцжуулах асуудалд Засгийн газар онцгойлон анхаарч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг болон нийслэл дүүргийн ажилтай танилцахдаа орон сууцжуулах төсөл, хөтөлбөртэй танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын автозамын түгжрэл, иргэдийг орон сууцжуулахад онцгой анхаарах чиглэл өгсөн. Харин өнөөдөр тусгайлсан төрийн бодлого гаргах асуудлыг судлах ажлын баг байгуулах чиглэл өглөө. Дэлхийн зах зээлд арматур төмрийн үнэ хоёр дахин өссөн нь орон сууны бүтээн байгуулалтад хүндрэл болж байна. Тиймээс энэ үнийг тогтворжуулах, худалдан авалтыг дэмжих ажлын багийг Сангийн сайдаар ахлуулан байгууллаа” хэмээв.


Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны тавдугаар сарын 22-нд баталсан. Нийслэлд 100 мянган айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47 149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.


Улсын хэмжээнд 897 мянга гаруй  өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц,  бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.

相关新闻