Хүүхэд бүр даалгавраа хийж ангийнхаа групп чатаар явуулж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-25 19:26:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар 2020-2021 оны хичээлийн жилийн тайлангаа цахимаар үзүүлжээ.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 38 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 52 багш хатуу хөл хорионы үеэр хүүхдүүддээ хичээл сургалт, соёл, хүмүүжлийн ажлаа онлайнаар явуулжээ. Тайлангийн үеэр багш нар таван настай хүүхдүүдээ хэрхэн сургуульд бэлтгэсэн талаарх арга туршлагаа хуваалцсан байна.

–“Цэцэрлэгийн төгсөх анги, бэлтгэл бүлгийн багш нар маань бусад бүлгийн багш нараас сургалт үйл ажиллагааны талаар ачаалалтай хичээлийн жилийг төгсгөсөн байна. Онлайн орчинд ажиллах талаар маш их туршлага хуримтлуулснаас гадна онлайн орчинд ажиллах мэдлэг чадвар шаардсан жил байсныг ч дурдаж байлаа. Өөрсдөө ч сурч, эцэг эхтэй нь хамтран хүүхдүүдээ сургасан жил болсон байна. Цахим хичээл, зөвлөмж, уриалга гээд долоо хоног бүр сургалт үйл ажиллагааны чиглэл тус бүрээр теле хичээлийн агуулгыг давхцуулахгүйгээр агуулгын хоцрогдлоо нөхөж байв. Дасгал ажлын дэвтэр, даалгаврыг цуг өгч ажиллаж байсан нь үр дүнтэй ажил болж байлаа. Ялангуяа хүүхэд бүр даалгавраа хийж ангийнхаа групп чатаар явуулж хэвшсэнээр өөрсдийн хувийн хавтсаа баяжуулсан байна” гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Сарангэрэл мэдээлэв. Ташрамд Завхан аймагт 2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага болох төрийн 38, хувийн гурван цэцэрлэгт нийт 5245 хүүхэд суралцжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 720 багш ажилчид ажиллаж байна. Үүний 200 нь үндсэн багш, бүлгийн багш 180, туслах багш 181 хөгжмийн багш 20, бусад ажилчид 139 хүн ажиллажээ. 


相关新闻