Энэтхэгт 200 мянга хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 196 427 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болсон бол нас барсан тохиолдлын тоо 3511-ээр нэмэгджээ.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, “COVID-19”-ийн халдвар авсан нийт хүний тоо 26.9 сая давж, 24 сая гаруй хүн эдгэрсэн бол 307 мянга гаруй өвчтөн нас баржээ. Одоогийн байдлаар 2.5 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 326 850 хүн эдгэрчээ.
Тус улс халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт орсон хэвээр байгаа юм. Дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 17-ныг хүртэл өдөр бүр 300 мянга гаруй шинэ тохиолдол илэрч байсан бол таван ч удаа 400 мянгыг давжээ. Цар тахлын хоёр дахь давлагааны үеэр коронавирусний эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн тоо 3.7 сая давж байв.
Түүнчлэн коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг Энэтхэгийн Эрүүл мэндийн яам онцолсон байна. Тус улсын нийт хүн амын 14.5 гаруй хувь нь буюу 198 сая гаруй хүн вакцин хийлгэжээ.