АНУ Этиоп, Эритрей улсын албан тушаалтнуудад хориг тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-24 11:25:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Этиоп, Эритрей улсын хэд хэдэн албан тушаалтан, цэргийнхний эсрэг визийн хориг арга хэмжээ авч байгааг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.


Этиопын Тиграй мужийн хямралыг зохицуулах хүчин чармайлтыг нураасан, нураахад оролцсонтой нь холбогдуулан ийм арга хэмжээ авсан байна.  


“Энэхүү хориг арга хэмжээ нь Тиграй мужид хүчирхийлэл, хүний ​​эрхийн бусад зөрчлийг үйлдэж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад учруулсан хүмүүст хамаатай. Эдгээр хүмүүсийн гэр бүлийн гишүүд мөн хориг арга хэмжээнд өртөж болзошгүй” гэж Блинкений мэдэгдэлд тэмдэглэжээ.  


Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол АНУ нэмэлт хориг арга хэмжээ авна гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Блинкен мөн "АНУ Этиопын эдийн засаг, аюулгүй байдлын салбарт үзүүлдэг тусламжаа хязгаарласныг" мэдэгджээ. 


Этиопын Тиграй муж дахь цэргийн ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 4-нд “Тиграйг чөлөөлөх ардын фронт”-ын босогчид тус улсын Умард командлалын байгууламжууд руу дайрч, төв засгийн газарт үнэнч хэвээр үлдсэн цэргүүдийг хөнөөж, хүнд зэвсгүүдийг булаан авсны дараа эхэлсэн байна. Ажиллагааны байлдааны үе 11 дүгээр сарын 28-нд засгийн газрын цэргүүд Тыграй мужийн нийслэл Мекеле хотыг эзэлж, Аддис-Абеба мужийн бүх томоохон хот, стратегийн байгууламжуудыг хяналтдаа авснаар дуусжээ. Харин “Тиграйг чөлөөлөх ардын фронт”-ын удирдагч Дебрецион Геберемайкл тус мужийг тусгаар тогтнуулах тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 


Этиопын цэргүүд болон босогчдын хооронд байлдааны ажиллагаа эхэлсний дараа Эритрейн цэргүүд аюулгүй байдлаа хангах үүднээс тус муж руу нэвтрэн орсон байна. Этиопын цэргүүд мужийн байдлыг хяналтдаа авмагц цэргүүдээ Тиграйн нутгаас гаргана гэж Эритрейн эрх баригчид мэдэгдэж байжээ. Гуравдугаар сарын 26-нд Этиопын Ерөнхий сайд Абий Ахмедийн Эритрейд хийсэн айлчлалын үеэр Эритрейн цэргүүдийг Тиграйгаас гаргах тохиролцоонд хүрчээ. 



相关新闻