Конгод галт уул дэлбэрсний улмаас 15 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КИНШАСА. /RIA Novosti/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Ньирагонго галт уул дэлбэрсний улмаас 15 хүн амиа алджээ.
"Урьдчилсан мэдээллээр 15 орчим хүн амиа алдсаны дотор нүүлгэн шилжүүлэх үеэр ослын улмаас амиа алдсан есөн хүн байна" гэж тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Патрик Муяя мэдээлснийг “Actualite” хэвлэл уламжилжээ. Түүний мэдээлснээр, галт уул дэлбэрсний дараа арав гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тэрбээр оршин суугчдад хандаж, мужийн захиргаанаас гэр лүүгээ буцах шийдвэрийг хүлээж байхдаа эрх баригчдын зааврыг чандлан мөрдөж, сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Галт уулын дэлбэрэлт ням гаргийн өглөө зогсжээ. Африкийн хамгийн идэвхтэй галт уулсын нэг болох энэхүү галт уул бямба гаргийн оройноос дэлбэрч эхэлсэн байна. Эрх баригчид хохирлын хэмжээг тогтоож байгаа аж.
Галт уулын халуун хайлмаг бэлд нь орших Гома хот болон хотын нисэх онгоцны буудалд хүрээгүй бөгөөд нисэх буудлын хилээс 50 метрийн зайд зогссон гэж Конго улсын байдлыг тогтворжуулах НҮБ-ын хөтөлбөрийн (MONUSCO) төлөөлөгчид мэдээлжээ. Гома хот нь 1.5 сая гаруй хүн амтай байна.
Ньирагонго нь 3 470 метр өндөр аж. Уг галт уулын лаав нь химийн онцгой найрлагатай учир маш хурдан урсдаг бөгөөд цагт 96 км хурдтай урсдаг гэнэ. Хамгийн сүүлийн хүчтэй дэлбэрэлт нь 1977 онд болж, 600 гаруй хүн амиа алдаж байжээ.