Малчны хотонд хагалгаа хийж жирэмсэн эхийг эсэн мэнд амаржуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-23 11:36:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн эмч нар энэ сарын 21-ний өдөр малчин айлын гэрт жирэмсэн эмэгтэйд кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьжээ.

Тодруулж хэлбэл, тус аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн малчин айлд жирэмсэн эх цус алдсан талаар дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сураужан, Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х.Өмиргүл, эмч А.Саулен, сувилагч М.Жаныл, Лена, Цусны лабораторийн ажилтан Кенжебек нарын хагалгааны баг жирэмсэн эхийн гэрт очиход түүний биеийн байдал хүнд, тээвэрлэх боломжгүй байжээ.

Улмаар эхийн аминд аюул тулгарч байсан тул яаралтай журмаар кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авчээ.  

Одоо эх, хүүхдийн биеийн байдал сайн, сумын Сум дундын эмнэлэгт байгаа ажээ. 

相关新闻