Эрүүл мэндийн салбарынханд шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-23 18:47:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улс оронд нүүрлэсэн цар тахалтай тэмцэх ажилд амь нас, эрүүл мэндээ үл хайхран. өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зүтгэж буй эрүүл мэндийн салбарын зарим албан хаагчдын ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасан байна. 

Шагналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдөр гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн эрхлэгч Ц.Ганчимэг шагнууллаа. Тэрээр:”Би 1991 онд АУИС-ийг төгсөж ирээд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарт нийт 29 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд сэтгэцийн эмчээр 18 жил, сэтгэл засалч эмчээр 18 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгэцийн эмч бол маш онцлогтой мэргэжил л дээ. Хүмүүсийн стэгэл зүйтэй ажиллана. Ихэвчлэн хүмүүс бие махбодийн зовуурь шаналгаандаа илүү их анхаарал хандуулаад байдаг. Гэтэл зөвхөн бие махбодь биш, сэтгэл зүйн шалтгаантай маш их өвчин байдаг. Жишээ нь энэ цаг үед ковидтой холбоотойгоор сэтгэл зүй маш их гэмтэж, сэтгэцийн эмгэгтэй болж үлдэх магадлал маш өндөр байна.

Энэ цаг үед миний хийсэн хамгийн чухал ажил бол ковидоор өвдсөн хүмүүст утсаар маш их сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Мөн энгийн иргэдэд бас зөвлөгөө өгч ажилласан. Түүнчлэн ковидын голомтод орж ажиллаж байгаа баг, эмч, сувилагч, асрагч, халдвар судлагч гээд дөрвөн баг бүрэлдэхүүнийг бэлдэн оруулж байсан. Бид маш их ачаалалтай ажилласан. Өдөр нь үндсэн ажлаа хийгээд үдээс хойш хүмүүст утсаар зөвлөгөө өгч байв. Мөн өөрсдөд нь шаардлагатай сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй болсон хүмүүст 24 цагийн турш цаг хязгаарлахгүйгээр хэзээ ч хамаагүй зөвлөгөө өгч ажиллаж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Алтан гадас одонгоор аймгийн ЭМГ-ын ахлах нягтлан бодогч Д.Нямаа энгэрээ мялаалаа. Тэрээр:” Би 1983 онд сургуулиа төгсөж ирээд Сэлэнгэ аймагт ажилласан. Ингэхдээ аймгийн ЗДТГ-ын дэргэдэх төвлөрсөн нягтлан бодох бүртгэлийн анги гэдэг газарт ажилд орсон. Анхны гараагаа эрүүл мэндийн байгууллагын цалин хөлсний нягтлангаар эхэлж байв. Түүнээс хойш эрүүл мэндийн байгууллагад 38 жил ажиллаж байна. Энэ хугацаанд намайг анх ажилд ороход өлгийдөн авсан төвлөрсөн нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд, тухайлбал Б.Амаржаргал агсан, Э.Энхболд эгч нартаа туйлын их баярлаж явдгаа энэ ташрамд илэрхийлэхийг хүсч байна. Мөн одоог хүртэл хамтран ажилласан ЭМС-ын үе үеийн удирдлагууд, одоо ажиллаж байгаа санхүү бүртгэлийн ажилтнууддаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та нартаа баярлалаа” гэлээ.

Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн аймгийн НЭ-ийн Лабораторийн эмч Б.Элбэгзаяа:”Би Сэлэнгэ аймгийн НЭ-ийн лабораторийн эмчээр 6 дахь жилдээ ажиллаж байна. 2020 оны 10-р сарын 9-ний өдрөөс эхлэн вируслоги лабораторид үндсэндээ дагнан ажилласан. Энэ хугацаанд Сэлэнгэ аймагт халдварын том том голомтууд гараад одоо хумигдаж байна. Цар тахлын хүнд нөхцөлд дайчлагдан ажилласан. Ингээд төрийн дээд одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Миний хувьд өнгөрсөн оны 11-р сарын 11-нээс аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор лабораторид 24 цагаар тусгаарлагдаж, бүтэн сар гаруй хугацаанд тэндээ 24 цагаар ажиллаж байсан. Түүнээс хойш ерөнхийдөө дандаа шөнийн цагаар ажиллаж байна. Манай лабораторийн онцлог нь дандаа 18 цагаас хойш өглөө болтол ажилладаг онцлогтой. Энэ хугацаанд лабораторийн ачаалал дээд тоондоо 780-аад шинжилгээг нэг өдөртөө багтааж хийж байсан. Манай лабораторид нэг эмч, нэг лаборант ажилладаг. Хүний нөөцийн асуудал дутагдалтай орлон ажиллах хүнгүй байдаг” хэмээн ярилаа.

Хийсэн бүтээснээ төр засагтаа үнэлүүлж буй цагаан нөмрөгт баатруудын 20 шилдэг төлөөлөл ийнхүү төрийн одонгоор энгэрээ мялаалаа.

 

相关新闻