Энэтхэг мөөгөнцрийн эсрэг эмийн хомсдолд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /BBC/. Энэтхэгийн мужууд ховор төрлийн “хар мөөгөнцөр” буюу мукормикоз халдварт өвчний эмчилгээнд хэрэглэдэг мөөгөнцрийн эсрэг эмийн хомсдолд оржээ.
Мөөгөнцрийн эсрэг амфотерицин B хэмээх эмийг Энэтхэгийн эмийн компаниуд үйлдвэрлэдгээс гадна хар зах дээр мөн худалдаалагддаг байна. Сүүлийн үед мукомиркозын халдвар авах тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор нийгмийн сүлжээгээр тус эмийг олон хүн асууж, ихээхэн эрэлттэй болоод байгаа аж.
Мөөгөнцрийн халдвар авах тохиолдол ихэссэн нь коронавирусний халдварт өвчин нь хүндэрсэн өвчтөнүүдийн эмчилгээнд стероид хэрэглэснээс үүдэлтэй байж болзошгүй тухай Энэтхэгийн эмч нар мэдэгджээ.
Мукормикоз нь голцуу чийглэг өрөөнд болон юмны гадаргуу, хөрс, ургамал, ялзарсан ногоо, жимс жимсгэнэ дээр байдаг цагаан хөгцийн нөлөөгөөр үүсдэг аж. Энэ халдвар нь хамрын хөндий, тархи, уушгинд нэвтэрч, чихрийн шижин өвчтэй хүмүүс эсвэл хорт хавдартай өвчтөнүүд, ХДХВ, ДОХ зэрэг дархлал хомсдолтой хүмүүсийн амь насанд аюул учруулж болзошгүй юм.
Махараштра мужид коронавирусний халдварын 1500 тохиолдол бүртгэгдсэн тухай тус мужийн Эрүүл мэндийн сайд Раджеш Топ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Махараштрад 52 хүн мукормизын өвчнөөр нас барсан байна.