Түр замын зөвшөөрлийг яаралтай гаргах шаардлагатай байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар
- Арвайхээр хоорондын 60 км авто замын
засвар шинэчлэлийн ажил
эхлээд сар орчмын хугацаа өнгөрч байна. Уг ажлын удирдлагын
баг аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, ажлын эхлэлээ танилцууллаа.
“Одоогоор ажлынхаа
зураглалыг гаргаж, 7 км замын хэмжилтийг хийн тэнхлэг тавиад байна. Замын
байгууламжид ашиглах ус, чулуу, элсний карьераас дээж авч, Зам тээврийн
хөгжлийн лабораторид шинжлүүлэхээр явуулсан. Зам засварын ажил эхэлсэнтэй
холбоотойгоор түр замын зөвшөөрлийг яаралтай гаргах шаардлагатай байна” хэмээн
зөвлөх, гүйцэтгэх компанийн төлөөллөөс мэдээлэл өгөв.
Аймгийн Засаг даргын
зүгээс “Орон нутаг гаргах ёстой шийдвэрийг цаг хугацаа алдахгүй гарган, дэмжиж
ажиллана” гээд түр замын зургийг яаралтай гаргах, ажлын зураглалаа
баталгаажуулах, гадаад ажилчдаа аймгийн холбогдох албанд бүртгүүлэх, орон
нутгийн иргэдийг туслах ажилчнаар ажиллуулах, аймгийн иргэдэд байгаа уул
уурхайн техник хэрэгслийг түрээсэлж хамтарч ажиллах, мах, сүү, хүнсний
хэрэгцээгээ орон нутгийн малчид, иргэдээс нийлүүлэх хүсэлтийг тавилаа.
Мөн байгаль орчныг
эвдэж сүйтгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг сануулсан бөгөөд гүйцэтгэгч
компанийн ажилтнууд аймгийн төв рүү нэвтрэхгүй байх, зөвшөөрөлтэй автомашинаар
“Хурд” ШТС-аас шатахуунаа цэнэглээд буцах тохиролцоог хийв.
Зам засварлах бригадын
удирдлагын баг цахилгаан хангамж, ундны усанд ойр байх үүднээс аймгийн
Хүндэтгэлийн хаалганы ойролцоо байрлаад байна. Одоогоор тус кемпэд 35 ажилчин,
20 гаруй машин механизмыг төвлөрүүлжээ.