Уур амьсгалын цахим долоо хоног аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБХХ-ийн дэмжлэгээр “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” сэдэвт уур амьсгалын долоо хоног цахим аяныг энэ сарын 17-21-нд зохион байгуулж байна.
Монгол орон газар зүйн байршлын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид дүгнэжээ. Түүнчлэн, манай орны агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.25 хэмээр буюу дэлхийн дунджаас даруй 2 дахин нэмэгдэж, хур тунадасны хэмжээ жил бүр 8 хувиар багассан байна.
Хүн төрөлхтөн эдийн засгийг дэмжсээр байвал дэлхийн агаарын дундаж температур энэ зууны төгсгөл гэхэд 4 хэм, цаашлаад 6 хэмээр дулаарах аюултайг олон орны эрдэмтэд тооцоолжээ. Иймд хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилтыг тодорхойлыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц дэлхий улс орнуудаас хүсч, уриалаад байна.
Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал дэлхийн жишигтэй харьцуулахад бага ч, нэг хүнд ногдох хэмжээгээр эхний 10 улсын тоонд (2019 оны байдлаар 8 дугаар байранд) буюу дэлхийн дундаж болон Ази-Номхон далайн бүсийн дунджаас харьцангүй өндөр байгаа тул үндэсний хэмжээнд шийдэх сорилт тулгарч байгаа. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд бүх нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатайг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат дурдаад, долоо хоногийн аяны талаар мэдээллээ.
Уур амьсгалын цахим долоо хоног “Одоо ба ирээдүй” уриан дор үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг багасгах тухай төр засгийн бодлого, үйл ажиллагааг, мөн “Нэгэн зорилго нэгдмэл хүч” сэдвийн хүрээнд хувийн хэвшилтэй хамтран хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр мэдээлэл хүргэх аж.
Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтөд залуус манлайлан оролцох учиртай тул нөгөөдөр “Залуус ба мэдээлэл” сэдвээр сурагчдын оролцоог сайжруулах тухай ярилцах бол энэ сарын 20-нд “Үйлдэл бүхнийг шийднэ” сэдвийн дор Монголд үйл ажиллагаа явуулдаг ЭСЯ, олон улсын байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлнэ.
Харин баасан
гарагт “Нэгдье” уриан
дор уур амьсгалын өөрчлөлтийн талаар
хийсэн ажлын үр дүнг нэгтгэн,
БОАЖЯ-наас лайв хийж, 7
хоногийн хугацаанд иргэдээс ирүүлсэн асуултад хариулахаар бэлтгэжээ.