Монголын Үндэсний музей: Ширэн хөнөг
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейн сан хөмрөгт буй ширэн хөнөгийг толилуулж байна.
Судлаачдын өгүүлснээр, монголчууд мал саах, сүү сааль хадгалах, архи, цэгээ хийх, амны усны сав суулга зэргээ мод, арьс, ширээр хийх нь түгээмэл байжээ. Ялангуяа баруун Монголд мал саахдаа ихэвчлэн том, жижиг модон суулганы зэрэгцээ утмал ширэн суулга хэрэглэдэг, харин гүүг бүр тусгай “хөнөг” хэмээх намхан ширэн суулганд саадаг заншилтай явсан. Энэ нь дундуураа гадагш цүдгэр хэлбэртэй утмал ширэн сав байсан ба өдгөө ихэд ховордсон мэдээтэй.
Эцэг өвгөдийн үеэс уламжлан хийж, хэрэглэж ирсэн боловч өдгөө хэрэглэх нь мартагдаж харагдах нь ховордсон нандин зүйлс тус музейн цуглуулгад цөөнгүй буйн нэг энэхүү ширэн хөнөг хэмээх хувин савны зүйл юм. Энэ нь адууны ширээр хэлбэж хийсэн төө хэрийн өндөр, мухар төө хүрэхгүй голчтой, улаан өнгөтэй бортого хувин маягийн сав болно. Үүнийг 1960-аад оны сүүлээр Увс аймгаас авчирч музейн цуглуулгад нэмэрлэжээ.
Хөнөг хийх арга ухаан нь ч өвөрмөц, нарийн. Эхлээд хөнөг суулга хийх адууны түүхий ширээ утаж боловсруулна. Ингээд эсгэж оёх бөгөөд хэлбэрийг нь гаргахдаа дотор нь элс чихэн хатаадаг аж. Хөнөгний амсар, ер нь арьс, ширэн сав суулганы амсарт нарийн бургас, эсвэл харгана зэргийг дугуйлан матаж амсрыг нь тойруулан ширтэй нь үдэж бөхөлнө. Эцэст нь, модны дол холтосноос гарган авсан будаг эсхүл зос хэмээх шороон будгаар будаж өнгөлдөг байна. Дээр өгүүлсэнчлэн, нутгийнхан иймэрхүү хөнөг суулгаа гүү саах зэрэгт хэрэглэж ирсэн уламжлалтай.