Гараж, ТҮЦ нүүлгэн шилжүүлэхэд 600 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-20 14:47:45

Увс аймгийн төв Улаангом хотноо хэрэгжсэн “Гудамж төсөл”-ийн хүрээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон ТҮЦ, гаражийг буулгасан байна.

Энэ ажлыг Улаангом сумын ЗДТГ голчилж гүйцэтгэсэн бөгөөд хамгийн анх 36 айлын орон сууцны өмнөх 12 гаражийг буулгажээ. Дараагаар нь 3-р багийн нутаг дахь 1, 2-р 64 айлын орон сууцны өмнөх 12 ТҮЦ, мөн тэр хавийн 54 гаражийг буулгасан байна. Иргэдтэйгээ тохиролцоод гэрчилгээтэй бол 3 сая, гэрчилгээгүй бол 2 сая төгрөгийн төлбөрийг гараж, ТҮЦ-ийн эздэд олгожээ. Энэчлэн иргэдийн гараж, ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх зардалд үндсэндээ 600 орчим сая төгрөгийг зарцуулсан байна.

“Иргэд зөвшөөрөлгүй газар гараж, ТҮЦ, дэлгүүр зэргийг барих нь элбэг бөгөөд хэзээ нэгэн цагт буулгана гэдгийг мэддэг хэрнээ үйл ажиллагаа явуулсаар байдаг. “Гудамж төсөл” хэрэгжсэнээр энэ асуудал цэгцлэгдэж, иргэд хаа дуртай газраа хашаа хатгаж, барилга байшин барих явдал үгүй болсон” хэмээн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

 

 

相关新闻