Сүхбаатар сумын зорилтот бүлгийн 15 өрхөд хүнсний тусламж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дэргэдэх Улаан загалмайн анхан
шатны хороо дунд шатны хороотой хамтран Монголын Улаан загалмайн
нийгэмлэгээс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн
хугацаанд зорилтот бүлгийн өрхүүдэд нэг удаагийн хүнсний тусламж үзүүлэх ажлыг
сумын хэмжээнд зохион байгуулжээ.
Өмнө нь Улаан загалмайн хорооноос тусламжид хамрагдаагүй 2, 4, 5-р багаас өрх сонгож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас орлогогүй болсон, хүнсний талонд хамрагдаагүй, 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эсвэл эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл. Мөн 16 хүртэлх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг багийн Засаг дарга нартай хамтарч сонгон 15 өрхийг хамрууллаа.
Нэг өрхөд 58000 төгрөгийн багц буюу 25 кг-ын 1 шуудай гурил, 5 кг будаа, 2 кг элсэн чихэр, 1 л ургамлын тос, 1 уут давс, 1 хайрцаг цай, 2 лааз махан нөөш зэрэг хүнсний бүтээгдэхүүн олгожээ. Нийт 15 өрхөд 15 багц буюу 870.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүргэжээ.