“Ногоон оффис”-ын соёлд суралцахыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний болон олон улсын чуулга уулзалт зөвлөгөөн цахимаар 4 дэх өдрөө болж байна.
Өнөөдөр үйл ажиллагааны эхний хагаст 10.00-13.30 цагийн хооронд “Өсвөр үеийнхний дуу хоолой-байгаль орчны залуу сурвалжлагч" хүүхэд залуучуудын хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийн үндсэн чиглүүлэгчээр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Судалгаа, мэдээлэл, сургалтын албаны дарга Д.Шижирболд ажиллаж, үндсэн илтгэгчдийн төлөөллүүдийг танилцуулж байна.
Чуулганы өчигдрийн хэлэлцүүлэг, хуралдаанд санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн үгийг хүргэж байна. МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнжин: -Манай байгууллага “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн техникийн зөвлөлийн гишүүний хувьд байгууллагадаа тогтвортой хөгжлийн соёлыг төлөвшүүлж, бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад хамтарч ажиллах, орон нутгийн загвар сургуулиудын үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, Тогтвортой хөгжлийн боловсролын зорилго, зарчим, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, “Ногоон оффис”-ын соёлд суралцахыг хэрэгжүүлж, сайн туршлага, арга хандлагыг хяналт шалгалтын үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
Тогтвортой хөгжлийн боловсролд мэргэжлийн хяналтын байгууллагын оруулах хувь нэмэр нь энэ боловсролын шинэ санал санаачилгыг дэмжих, түгээн дэлгэрүүлж, үр дүнг хянах шалгуур боловсруулахад хамтарч ажиллана. Мэдэхийн тулд суралцах, хийхийн тулд суралцах, хамтран амьдрахын тулд суралцах, оршин байхын тулд суралцах, өөрийгөө болон нийгмээ хувирган өөрчлөхийн тулд суралцахыг уриалъя.
Хувь хүний хөгжилд хандсан Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулгыг харьцангуй сайн тусгаж байна
МУИС-ийн Химийн тэнхимийн багш, доктор Ч.Нямгэрэл:-Сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжид Тогтвортой хөгжлийн боловсролын интеграцчилагдсан байдлыг илрүүлэх судалгааг 2018 онд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 8 байгууллагын 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хийсэн. 2014 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөж буй бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр бүхэлдээ шинжлэх ухааны мэдлэг, чадвараас гадна өөрийн хүч нөөцийг мэдрэх, бусадтай хамтрах, мэдлэгийг эрж хайх олж судлах арга барилтай болох, байнга тасралтгүй хөгжих, хүрээлэн буй орчныг зөв ухаарч, өөрийгөө зөв авч явах, зорилго чиглэлтэй амьдарч хөдөлмөрлөх зэрэг хувь хүний хөгжилд хандсан тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулгыг харьцангуй сайн тусгаж чадсан байна.
Цөм хөтөлбөрийн агуулгад “Жендерийн тэгш эрх”, “Хүний эрх”, “Тогтвортой хөгжил”, “Дэлхийн иргэншил”-ийг түлхүү бүртгэсэн. Энэ нь 2002 оноос хойш манай улс Тогтвортой хөгжил ба тогтвортой хөгжлийн боловсролыг боловсролын стандарт болон сургалтын хөтөлбөрт интеграцчилах стратегийг тууштай баримталж ирсний нэг тод илрэл юм.
Монгол Улсын ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрт ТХБ зорилго, агуулгын хувьд харьцангуй сайн даяарчлагдан тусгаж чадсан ч боловсролын түвшин бүрийн сургалтын цөм хөтөлбөрийн бүтэц, ялгаатай байдал, судлагдахууны агуулгын онцлог, боловсруулалтын жигд бус байдал нь хэрэглэгчдэд ойлгомжгүй, төвөгтэй байдлыг бий болгож байна. Тиймээс сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичгүүдээ хэрэгжүүлж сайжруулахдаа тусгай арга зүйгээр бодит хугацаатай төлөвлөх шаардлагатай байна.
Тусгайлсан төлөвлөгөө, менежментийн дагуу хүний нөөцөө чадавхжуулах зайлшгүй хэрэгцээ байна. Энэ үйл ажиллагааг зөвхөн олон хэлбэрээр давтан сургах бус, ТХБ-ын арга хандлагыг хэрэглэж, хүн бүрийг “Суралцагч” хэмээн үзэж, олон төрлийн бүх хэлбэрийн тодорхой үйл ажиллагаанд татан оролцуулж, бүтээлч үйлээр дамжуулан чадавхжуулах шаардлага байна.
Нүүдэлчний уламжлалт соёл, хот айлын тогтолцоог сэргээх хэрэгтэй
Австралийн Сиднейн их сургуулийн судлаач Н.Навчаа: -Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байна. Манай улсын хувьд энэ өөрчлөлтөд дасан зохицоход ардын уламжлалт соёл, малчдын мэдлэгт түшиглэн ашиглах боломж байгаа эсэхийг судалсан. Хот айлын тогтолцоог сэргээх хэрэгтэйг тогтоосон. Бэлчээрийн хомсдол, нүүдлийн тоо цөөрсөн зэрэг нь уур амьсгалд нөлөөлж байна. Байгаль дэлхийн өөрчлөлтийг мэдэрч, дуу хоолойг сонсож, хандлагаа өөрчлөх цаг иржээ.
Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн:-Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг багшлахуйн кластерийн үндсэн шалгуур, индикаторын тусламжтайгаар шинжиллээ. Ингэхэд багшийн кластер тогтолцооны үе шатууд болон төлөв байдлуудад баримтлах бодлого, төлөвлөлт бүрэн гүйцэд, харилцан хамааралтай тусгаагүй байна. Боловсролын багц хуулийн тухайд шат шатны боловсролын түвшинд ажиллах багш нараас шаардах боловсролын зэрэг “өсөж” ирсэн, багшийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг “хэрхэн” багшлуулах нь цагийн цагт байсаар л ирсэн. Шийдвэрлэж ирсэн арга нь тодорхой төрлийн сургалтаар “багшлахад бэлтгэх" явдал байсан.
Мэргэжлийн тасралтгүй хөгжлийг бүх цаг үед өөр өөрийн онцлогтойгоор шаардаж байна. Мэргэжил дээшлүүлэх тухай эрх зүйн хувьд төдийлөн тасалдаагүй мэт харагдаж байгаа боловч хэрэгжилт “алдагдаж” байсныг судалбал сонирхолтой. Дээрх хуульд орж буй нэмэлт, өөрчлөлт нь ББИДС-той холбоотой заалт нэмэх хэмжээнд хүрч байгаагүй буюу эдгээртэй холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсантай холбоотой боловсролын хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон ч багш боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх тухай шийдлийг тусгаагүй.