"Ногоонбаатар" эко урлагийн олон улсын наадмыг хаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад зориулсан “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадам энэ оны гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж байна.
Уг наадамд монгол, франц, герман, чех уран бүтээлчид болон урлагийн сургуулийн оюутнууд, дунд сургуулийн сурагчид зэрэг нийт 200 гаруй хүн, дотоод гадаадын арав гаруй байгууллага оролцсон байна. Тус наадмын гол зорилго нь урлагаар дамжуулан гэр хорооллын иргэдийн дунд агаарын бохирдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчиндоо ээлтэй амьдрах сэдлийг төрүүлэх, тодорхой гудамж, хашаа, олон нийтийн талбайг урлагаар амьсгалсан орон зай болгон өөрчлөх явдал байлаа.
Наадам эхэлснээр герман, франц, чех улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүд Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгын талаар туршлага солилцсон юм. Гадаад уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч КОВИД-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр оролцсон байна.
Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байдаг "Уулын нуур" цэцэрлэгт хүрээлэн сонгогдсон ба тус хүрээлэнгийн дотор хэсэгт болон "Нарантуул-2" захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр гудамжинд уран бүтээл туурвижээ. Тодруулбал, Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаандорж, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал, гудамжны урлагийн 30 орчим бүтээл урласан байна.
Түүнчлэн тус наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх урлагийн академийн оюутнуудын дунд иллюстрац зургийн уралдаан зарласан ба шалгарсан бүтээлүүдийг томоор хэвлэн "Уулын нуур" хавийн гудамжинд байрлуулсан юм. Ингээд төсөл дуусахад, "Уулын нуур" цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц орчинг бий болгосон. Цар тахлын хорио цээр дууссаны дараа хүмүүс гэр бүр, найз нөхөдтэйгөө очиж үзэх боломжтой юм.
Уран бүтээлчид бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх тал дээр анхааран ажилласан юм. Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад оршин суугчид олноор ирж үзсэн ба баярлаж талархсанаа илэрхийлсээр байна.
Урлагийн хөтөлбөрүүдээс гадна тус наадмын хүрээнд "Уулын нуур" цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрыг дулаалах төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр "Жэрэс" ТББ хэрэгжүүлж байна.
Ингээд төслийг зохион байгуулагчдаас “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадмын оролцогчид, төслийн үр дүнг танилцуулах Урлагийн цахим өдөрлөгийг өнөөдөр 12.00-21.00 цагийн хооронд фестивалийн болон зохион байгуулагчдын сошиал хуудсаар дамжуулан шууд нэвтрүүлж байна.
Энэхүү өдөрлөг нь олон нийтэд нээлттэй бөгөөд тус наадамд оролцсон дунд сургуулийн сурагчидтай хийх уулзалтыг 14.00-15.30 цагийн хооронд, урлагийн сургуулийн оюутнуудтай хийх уулзалтыг 16.00-17.30-ын хооронд зохион байгуулна, "Уулын нуур" парк дээр бүтээлээ тууривсан уран бүтээлчидтэй хийх уулзалтыг 18.00-19.30-ын хооронд шууд нэвтрүүлэх бөгөөд орой 20.00 цагаас тус наадмын тухай баримтат киног шууд нэвтрүүлэх юм байна.
Урлагийн Цахим Өдөрлөгийн линк: https://fb.me/e/hIhsgUJgH
Төслийн танилцуулга бүхий богино видео: https://youtu.be/UUSoB_thjW8
Энэхүү наадмыг Европын Холбооны Соёлын институтийн нэгдлээс санхүүжүүлж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан "Улаан булан" төслийн баг куратороор нь ажиллалаа.