"Бид хүмүүжлийн эерэг аргыг сонгож байна" цахим уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-30 12:47:59

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” тохиодог. Энэхүү өдрийг Монгол Улс 2006 оноос хойш 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдэд ээлтэй Ховд" аяны хүрээнд "Бид хүмүүжлийн эерэг аргыг сонгож байна" сэдэвт эцэг эхчүүдэд зориулсан видео шторк бэлтгэх уралдаан зохион байгуулахаар болжээ.  

Тус цахим уралдааны зорилго нь хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх, асран хамгаалагч нарт сурталчлан таниулах, хүүхдийг зодож шийтгэх үйлдлийг таслан зогсооход багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж буй.

Уралдаанд их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, коллеж, цэцэрлэгийн багш нар оролцох боломжтой.

Оролцох хүсэлтэй иргэдийн материалыг 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд цахим хаягаар хүлээн авч байна.  

Тодруулбал, оролцогчид “Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэх пэйж хуудас, “Ховдын хүүхдүүд” фэйсбүүк хаягаар материалаа ирүүлэх юм.  

Тухайн оролцогчдын бэлтгэсэн видео шторк нь хүмүүжлийн эерэг аргын талаарх агуулгатай байна. Мөн 2-3 минутад багтсан байх, дуу, дүрсний чанарын шаардлага хангах, оролцогч багш нар бэлтгэсэн шторкоо сургуулийн эцэг эх болон орон нутгийн олон гишүүнтэй цахим хуудас (групп)-т байршуулах зэрэг шаардлага тавьжээ.  

Зохион байгуулагчид шилдэг гурван оролцогчийн бүтээл шалгаруулах ба 100-200 мянган төгрөгийн шагнал урамшуулал олгохоор төлөвлөжээ.  

Энэхүү уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 94199100, 95716011 дугаарын утсаар лавлах боломжтой.

Өнөөдөр салбарын мэргэжилтэн, холбогдох хүмүүс цахим хуудсаар дамжуулан “Хүүхдээ зодож шийтгэх бус эерэг аргаар хүмүүжүүлье. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” хэмээн уриалга дэвшүүлж байна.  

相关新闻