Булган аймагт халдварын таван тохиолдол нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн мэдээллээ хийлээ.
Тус
аймагт өнгөрсөн
24 цагийн хугацаанд таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сэлэнгэ суманд гурав,
Хутаг-Өндөр суманд хоёр тохиолдол батлагдсан байна. Аймгийн хэмжээнд нийт 81
тохиолдол бүртгэгдсэнээс Сэлэнгэ суманд 40, Хутаг-Өндөр суманд 25, Тэшиг суманд
зургаа, Орхон суманд долоо, Бүрэгхангай, Бугат, Баян-Агт суманд тус бүр нэг
байна. Одоогоор эмчлүүлж байгаа 10 хүн байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн
байна. Коронавирусний халдвар авсан хүмүүсээс 71 нь эдгэрч гарчээ.
Аймгийн
Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:
- Сүүлийн үед нэмэгдэж байгаа халдварын тохиолдол
зөөвөрлөгдөх хандлага байна. Улаанбаатар
хотоос ирж байгаа иргэдийн хувьд дэглэм баримтлахад онцгой анхаарах хэрэгтэй.
Баян-Агт суманд буяны ажилд оролцохоор ирсэн хүмүүсээр дамжин халдвар зөөвөрлөгдсөн.
Хутаг-Өндөр сумын Улаанбаатар хотод эрүүл
мэндийн үйлчилгээнд яваад ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар 6 дахь хоног
дээр шинжилгээ авахад халдвар авсан нь батлагдсан. Нийслэл болон голомттой
бүсээс гарах гэж байгаа хүмүүс PCR шинжилгээ хийлгээд олон газраар явж
халдвар зөөвөрлөх эрсдэл их байгааг анхаарах хэрэгтэй. Ирэх 5-р сарын 9 хүртэл өөр
аймаг, хотоос хүн дуудах зөвшөөрөл өгөхгүй. Буяны ажилд оролцох болбол
шинжилгээний хариу авчирч байх хэрэгтэй байна гэлээ.