Байгалийн аюулт үзэгдэлд өртөж орон гэргүй болсон 10 өрхөд иж бүрэн гэр олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цасан болон шороон шуурганд өртөж орон гэргүй болсон 10 өрхөд Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос иж бүрэн гэр олгов.
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Улаан Загалмай хороо цасан болон шороон шуурганд өртөж орон гэргүй болсон Баян-Уул, Бигэр, Тонхил, Халиун, Жаргалан, Чандмань, Шарга, Есөнбулаг сумын 10 өрхөд иж бүрэн гэр, гал тогооны багц, дулаан хөнжил, гудас зэрэг хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлсэн юм.
Дээрх 10 өрхийг сонгохдоо аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн хоёр удаагийн цасан болон шороон шуурганы хохирлын мэдээ, холбогдох бичиг баримтыг үндэслэсэн байна. Аймгийн ИТХ-ийн дарга, Улаан Загалмайн хорооны тэргүүн Д.Даваадорж, Засаг даргын орлогч дарга Г.Чинбат нар шуурганд хохирсон өрхийн гишүүдтэй уулзан, иж бүрэн гэр гардуулав.