БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хоригийг сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО.
/TASS/. Пёньяны цөмийн хөтөлбөр, хулгайлагдсан Япон иргэдтэй холбоотой хэд
хэдэн асуудалд ахиц гараагүйтэй холбоотойгоор БНАСАУ-ын эсрэг дангаар авсан
хориг арга хэмжээгээ Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тэргүүтэй Сайд нарын
танхим хоёр жилээр сунгажээ.
“Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс гадна
хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд бид олон улсын хамтын
нийгэмлэгтэй хамтран ажилласан хэвээр байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
тогтоолыг бүрэн хэмжээнд, бүх талыг хамруулан хэрэгжүүлэх үндсэн дээр БНАСАУ-ын
эсрэг дангаар авсан хориг арга хэмжээг сунгах шийдвэр гаргав” гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като онцлон тэмдэглэв.
Япон
анх 2006 онд буюу БНАСАУ-ын эрх баригчдын явуулсан цөмийн туршилтын дараа
дангаар хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээнд голчлон бараа
бүтээгдэхүүний импорт, экспортод тавих хязгаарлалт, Умард Солонгосын хөлөг
онгоцуудын Японы боомтод нэвтрэхэд тавьсан хоригийг тусгадаг байна. Хүчин
төгөлдөр хэрэгжиж эхэлснээс нь хойш хоригийг нэг бус удаа сунгаж, жагсаалтад
орсон компани, хөлөг онгоц, хувь хүний тоог нэмжээ.
БНАСАУ-ын
тагнуулын албаныханд хулгайлагдсан иргэдийнх нь асуудлыг шийдвэрлэхийг Японы эрх
баригчид шаардсаар байгаа аж. Умард Солонгосын эрх баригчид Японы 13 иргэнийг
хулгайлсан гэдгийг 2002 онд анх удаа хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд
нь буцаажээ. Харин үлдсэн хүмүүсийг нас барсан гэж мэдэгдсэн бөгөөд шарилыг нь
төрөл төрөгсдөд нь илгээсэн боловч хулгайлагдсан иргэдийнх мөн эсэхийг тогтоож
чадаагүй байна.