Согтууруулах ундаа хууль бусаар худалдан борлуулахыг таслан зогсоож, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-05 18:48:17

Дорноговь /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргалаа.

Захирамжаар цар тахлын нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт халдварын тархалтын “Улаан түвшин”-д Хатанбулаг сумыг 4 дүгээр сарын 5-ны 15.00 цагаас 4 дүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл шилжүүлэв.

Аймгийн нутаг дэвсгэрт 4 дүгээр сарын 5-11-ний өдрийг дуустал хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов. Согтууруулах ундаа, худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, иргэдээс архи, согтууруулах ундааг хууль бусаар худалдан борлуулахыг таслан зогсоох, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Захирамжид коронавируснээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэх, хүүхдийг гадуур гаргахгүй, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, бага насны хүүхдийг гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг зөвлөсөн байна.

相关新闻