Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлан ажиглалтад 884 өрхийн 3607 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-02 23:03:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт коронавирусний 30 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Дээрх тохиолдлууд нь Түшиг суманд 26, Сүхбаатар суманд гурав, Мандал суманд нэг тохиолдол байгаа аж. Сүхбаатар сумын гурван тохиолдол 1-р багт хоёр, 3-р багт нэг харьяалагдаж байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эдгээр хүмүүсийг эмчилж байгаа бөгөөд эл тасагт хоёр багийн найман эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Мөн Сүхбаатар суманд батлагдсан тохиолдлуудын ойрын 288, дам хавьтлын 461, нийт 749 иргэнийг тогтоон тусгаарлалт, гэрийн ажиглалтад авчээ.

Аймгийн хэмжээнд шинжилгээ авах 33 багт 55 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 1031, Сүхбаатар болон бусад суманд PCR шинжилгээнд 714, нийт 1745 иргэнийг хамруулаад байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлан ажиглалтад 884 өрхийн 3607 иргэн байгаа аж. Улаанбаатар хот бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн сумд руу орох чиглэлд 273 тээврийн хэрэгсэлтэй 668, гарах чиглэлд 358 тээврийн хэрэгслээр 688 иргэнийг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээний хариу, асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлжээ. Мөн энэ өдөр хилийн “Алтанбулаг” боомтоор орох чиглэлд 5 орны 27 тээврийн хэрэгсэл 30 зорчигч, гарах чиглэлд 4 орны 21 тээврийн хэрэгсэл 23 зорчигчийг шалган нэвтрүүлсэн байна. Мөн Сүхбаатар төмөр замын боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 721 вагон, 30 ажилтныг шалган нэвтрүүлжээ. 

相关新闻