Европчууд "Лалын улс"-ыг "хамгийн том аюул" гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-15 13:44:42

БЕРЛИН. /Reuters/. Европчууд “Лалын улс” босогчдын бүлэглэлийг уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал болон дүрвэгчдээс илүүтэйгээр улс оронд нь заналхийлж буй хамгийн том аюул гэж үзэж байгааг “Пью” судалгааны төвийн /The Pew Research Center/ явуулсан санал асуулгын дүн харууллаа.

Санал асуулгад оролцсон Европын 10 улсын 9-ийнх нь иргэд “Лалын улс”-ыг “хамгийн том аюул” гэж үзсэний дотор испаничуудын 93 хувь, францчуудын 91 хувь нь тус бүлэглэлийг  “томоохон аюул заналхийлэл” гэж үзэж байна.

Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудал болон метронд “Лалын улс”-д үнэнч этгээдүүд 32 хүнийг хөнөөснөөс нэг сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх судалгааг явуулжээ.  

Тус бүлэглэлд үнэнчээр зүтгэдэг гэж өөрийгөө зарласан нэгэн зэвсэгт этгээд өнгөрсөн ням гарагийн шөнө Орландо хотод АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэнээс нэг хоногийн дараа дээрх судалгааны тайланг нийтэлжээ. 

Бараг 7 орчим жил үргэлжилсэн хямралын дараа эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй Грекийн иргэд “Лалын улс”-ыг улс оронд нь заналхийлж буй “хамгийн том аюул” гэж үзэхгүй байна. Харин дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал бол  Грект тулгарч буй хамгийн том аюул  мөн гэж грекчүүдийн 95 хувь нь хариулжээ.

Г.Доржханд

相关新闻