С.Амарсайхан: Зах худалдааны төвийн түрээслэгчид сөөлжилж ажиллах шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-PCR шинжилгээ өгөхөөр https://eruul.gerege.mn/-д хандахад хамгийн ойрын цаг 14 хоногийн дараа байна.Нэн яаралтай шинжилгээ өгөх шаардлага үүссэн иргэд яах вэ?
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Яаралтай журмаар буюу эмнэлэгт үзүүлэх, буяны ажилд оролцох зэрэг шалтгаантай хүмүүс 6 дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн 5 эмнэлэгт шинжилгээ өгөх боломжтой. Мөн бид явуулын багийг захын дүүргүүдэд байгуулахаар төлөвлөгөө боловсруулсан.
-Шадар сайд С.Амарсайхан: Хөдөө орон нутагт ажиллах зайлшгүй шаардлагатай иргэн, тээврийн жолооч нараас шинжилгээ авах цэгийг Сонгинохайрхан дүүрэг дэх авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай болон Амгалан, Шар хадад явуулын шинжилгээний төв байгуулахаар зохион байгуулж байна.
-Нарантуул, Хархорин зэрэг томоохон зах худалдааны төвүүдийн 30 хувь ажиллана гэсэн. Үүнд ямар зохицуулалт хийх вэ. Жишээлбэл, 10 лангуунаас эхний өдөр 3 нь, дараагийн өдөр нь 3 нь ажиллахаар сөөлжлүүлнэ гэж ойлгож болох уу?
-Шадар сайд С.Амарсайхан: Хамгийн гол нь бөөгнөрөл үүсгэхгүй байх ёстой. Тиймээс томоохон худалдааны төвүүдэд цагийн болон зохицуулалтын журам хэрэгжүүлнэ. Тухайлбал, 7 хоногт 1-2 өдрөөр сөөлжлөх зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байна.
-Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас гаргасан түрээсийн төлбөрөө бууруулсан татварын хөнгөлөлт үзүүлэх хэвээр үргэлжилж байгаа. Мөн татвараа хугацаанд нь төлөөгүй боловч тайлангаа ирүүлсэн бол алданги тооцохгүй байх, цахилгааны, дулааны үнийг 100 хувь хөнгөлөх зэрэг эдийн засгийн гол хөшүүргүүд үргэлжилж байгаа.