Сэлэнгэ аймаг "улбар шар" түвшинд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-29 20:10:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

-Ногоон түвшнээс улбар шар түвшинд шилжих

-Төрийн байгууллагуудыг 10-15 хүртэлх хувиар ажиллуулах

-Үйлчилгээний газруудын ажиллах цагийг богиносгож, халдвар хамгааллын дэглэм журмын мөрдлөгт хяналт тавих

-Аймгийн нутаг дэвсгэр дэх орох, гарах хөдөлгөөн бүр дээрх хяналтыг чангатгах

-Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэр гаргаж, аймгийн Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгаас Сүхбаатар суманд ирээд буцсан хоёр иргэний ойрын хавьтал 72, дам хавьтал 200 гаруй хүн тусгаарлалтад байна. Дээрх хоёр иргэний ойрын хавьтлуудын хоёр дахь удаагийн давтан PCR шинжилгээгээр хоёр хүнээс коронавирусний халдвар илрээд байгаа.

Иймээс хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Хүн бүр маш болгоомжтой байж өөртөө тавих хяналтаа өндөржүүлэх. Болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Энэ бол өвчин. Өвдсөн нэгнээ гадуурхаж, элдвээр хэлж болохгүй. Өвчин хэнийг ч ялгахгүй. Хэт тайвширч, өвчин надаас хол байгаа гэж бодож болохгүй. Хаа хаанаа хариуцлагатай, хатуу дэг журамтай байх шаардлагатай. Эрсдэл маш өндөр байгааг манай иргэд ухамсарлан ойлгож, өөртөө тавих хяналтаа улам бүр чангатгаарай” хэмээн онцгойлон анхаарууллаа.  

 

相关新闻