Саудын Араб Йемений дайныг эцэс болгох шинэ төлөвлөгөө санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-23 12:38:11

ДОХА. /RIA Novosti/. Саудын Арабын эрх баригчид Йемений мөргөлдөөний зохицуулах шинэ төлөвлөгөө санал болгосон бөгөөд хуситуудаас хариу хүлээж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фейсал бен Фархан мэдэгджээ.


“Саудын Араб урьдын адил Йемен болон бүс нутгийн байдлыг тогтворжуулахыг эрмэлзсэн хэвээр байгаа бөгөөд энх тайван тогтоох, Йемений хямралыг зогсоох хүчин чармайлтыг дэмжиж байна. Саудын Араб НҮБ-ын хяналтан дор бүрэн гал зогсоох асуудлыг багтаасан улс төрийн цогц шийдэлд хүрэх санаачилга гаргаж буйгаа мэдэгдэж байна” гэж бен Фархан хэлснийг "Аль-Ихбария" телевиз уламжилсан байна.


Түүний мэдэгдсэнээр, уг санаачилгад Йемений нийслэл Сана хотын олон улсын нисэх онгоцны үйл ажиллагааг зарим чиглэлд сэргээх, Йемений Ходейда боомтын бүслэлтийг хэсэгчлэн авах, боомтыг ашигласнаас олох орлогыг Төв банк дахь хойд ба өмнөд эрх баригчдын ерөнхий дансанд шилжүүлэх талаар тусгажээ. 


Йеменд Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн талын Засгийн газрын цэргүүд болон тус улсын хойд хэсгийг хяналтдаа авсан хусит босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байна. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар сараас хойш Йемений Засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлжээ.


Хуситууд болон Йемений Засгийн газар 2018 оны 12 дугаар сард Шведэд энхийн хэлэлцээр байгуулсан боловч уг гэрээ үндсэндээ хэрэгжихгүй байгаа юм.

相关新闻