Малчдын 85 хувьд тэжээл хүргээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-19 16:37:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчдад тэжээл хүргэх тээвэрлэлтийн ажиллагаа Говь-Алтай, Өмнөговь аймагт 100 хувь, Дундговьд 96 хувь, Баянхонгорт 86 хувь, Өвөрхангайд 80 хувь, нийт тэжээл хүргэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэжээлийн үйлдвэрүүд 3 дугаар сарын 20-нд багтаан  үлдэгдэл  тэжээлийг үйлдвэрлэж  бэлэн болгохоор ажиллаж байна.  


Засгийн газраас зудын эрсдэлийг үнэлэх шуурхай бүлгийн дүгнэлтийг үндэслэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн бүх сум болон отроор явж буй 45 мянга гаруй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ дагуу өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхийг 300 мянган төгрөгийн үнэ бүхий  хүчит тэжээлээр дэмжиж байна. Энэ тусламжийг Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр зохион байгуулж байна.  

Малчин өрхүүдэд тэжээлийн тусламж хүргэх, хуваарилалтын ажлыг  мэдээллийн системийг ашиглан Android, IOS–д болон веб-д суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ашиглан хянаж байна. Энэхүү апплэйкшнийг ашиглан үйлдвэрээс тэжээл ачиж аймаг, сумын Онцгой комисст хуваарилан малчинд хүргэж буйг тухай бүр бүртгэн баталгаажуулж байна. 

           

Ташрамд мэдээлэхэд Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг  14 аймгийн 150 сум болон нийслэлд  2020-2025 он хүртэл хэрэгжүүлэх юм . Төсөл нь мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад чиглэж байна.



相关新闻