Палестин “COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-18 12:15:38

РАМАЛЛА. /Reuters/. Палестин “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх коронавирусний вакцины эхний хэсгийг лхагва гарагт хүлээн авчээ.


Палестины Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Камаль аль-Шакрагийн мэдээлснээр, “Pfizer/BioNTech”-ийн вакцинаас 38 мянган тун, “AstraZeneca”-гийн вакцинаас 24 мянган тунг хүлээн авсан байна.


Эрүүл мэндийн яам “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг энэ сарын 21-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, хавдар, бөөрний өвчтэй хүмүүс, 75-аас дээш насны хүмүүсийг хамруулах ажээ.


Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “AstraZeneca”-гийн вакцины аюулгүй байдлын талаарх эцсийн дүгнэлтийг гаргах хүртэл уг вакциныг хадгална гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


COVAX” хөтөлбөрийг санаачлагч байгууллагуудын нэг болох ДЭМБ-ын зөвлөх зөвлөл “AstraZeneca”-гийн вакциныг хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн гэх хэд хэдэн оронд бүртгэгдээд буй тохиолдлуудыг нарийвчлан судалж байгаа юм.


Гэвч ДЭМБ вакцины аюулгүй байдалд санаа зовнин вакцинжуулалтын хөтөлбөрөө зогсоохгүй байхыг даваа гарагт улс орнуудад уриалсан билээ. 

相关新闻