Өвөрхангай аймагт буган чулуу 28, хүн чулуун хөшөөний дурсгал 20 бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-18 13:53:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 114 хөшөө дурсгал байдаг. Үүнээс буган чулуу 28,  хүн чулуун хөшөө 20 байна. 


Хүн чулуун хөшөө

Төр улс, овог аймгийн тэргүүн буюу цэрэг дайны алдар гавъяатан зэрэг нэр цуут хүний дурсгалд зориулан байгалийн чулууг засаж янзлан хүний биеийн төрх гарган сийлсэн дурсгалыг хэлнэ. Хүн чулууг өргөн тархацтай боржин чулуугаар голчлон хийж байсан ба эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн түвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлахад шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог.

Өвөрхангай аймгийн нутагт ихэвчлэн Түрэг үеийн хүн чулуун дурсгал байдаг аж. Эдгээрээс Уянга сумаас хойш 1 км-т орших хүн чулуу, Хайрхандулаан сумаас зүүн тийш 27 км-т орших Хайрханы өврийн хүн чулуудыг XIII зууны үед бүтээгдсэн гэж археологичид үздэг байна.

1. Аймийн музейн үзмэр болон хадгаламжийн фондод хөдөө орон нутгаас авчирч тавьсан хэсэг хүн чулуу бий. Энд нийтдээ толгойтой, толгойгүй зургаан хүн чулууны бие, мөн таван толгой хадгалагдаж байдаг. 1926 онд П.К.Козлов Хайрхандулаан сумын “Их модны ам” хэмээх газарт үзэж тэмдэглэсэн хоёр, Арвайхээр хотоос урагш “Ноёны тал” хэмээх газарт байсан хоёр хүн чулуу, Сант сумын “Өгзөг” хэмээх газарт байсан нэг хүн чулууны толгой энэ дурсгалд багтдаг аж.

2. Хархорин сумын төвөөс баруун урагш 10 гаруй км-т Орхон голын зүүн эрэг “Мухдагийн ам” хэмээх газарт Түрэгийн үеийн тахилын онгон, булш хиргисүүр олдсон байна. Энд баруун хажуугаараа газарт унан булагдсан нэгэн хүн чулуун хөшөө байсныг илрүүлжээ.

3.Хархорин сумын төвөөс баруун урагш 20 гаруй км-т Хоньчны шил хэмээх газарт том ширхэгтэй цайвар саарал өнгийн боржин чулуугаар үйлдсэн нэгэн хүн чулуун хөшөө байна. Дүрслэлийн хувьд нар салхи байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр ихэд элэгдэж мөлийсөн бөгөөд хөшөөний анхны байрлал алдагдаж, толгой нь хүзүүний хэсгээр хугарч хөшөөний хажууд сул хэвтэж байгаа аж.


4. Хархорин сумын нутаг Сарын гол”-ын зүүн эргийн Бумбат хэмээх хадтай толгойн өвөрт буй хүн чулуут дэнжийг нутгийнхан Хөшөөн дэнж гэж нэрлэдэг. Энд буй хүн чулуун хөшөө нь Түрэгээс хойших үе буюу XIII-XIV зууны Монгол гүрний үед холбогдох дурсгал болох нь судалгаагаар нотлогджээ. Энэ хүн чулуу нь нийт хүн чулууны урлагийн бүтээл дотор нэн ховор тохиолддог эмэгтэй хүний дүрстэй чулуу гэдгээрээ онцлог юм.


5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас баруун урагш 10 гаран км-т Буурлын хүн чулуун хөшөө” бий. Монголын нутгаас 500 гаруй хүн чулуу олдсноос 400 орчим нь Түрэгийн үед хамаарах ба энэ хүн чулуу ч мөн Түрэгийн үеийн дурсгал юм.


6. Сумын төвөөс урагш 17 км зайд Мааньтын уулын өвөр хормойд эртний түрэгийн нэгэн томоохон цогцолбор дурсгал байдаг. “Онгийн голын дурсгал" ч гэж нэрлэгддэг уг цогцолбор уртаараа 68 м, өргөнөөрөө 48 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрэмтэй, зүүн талын ханандаа 3 м өргөн үүдтэй, тойрон хүрээлсэн шуудууны оромтой бөгөөд үүнээс зүүн зүгт 980 м зайд 166 чулууг цувруулан зэл татжээ. Энэ дурсгалыг эрдэмтэд Түрэгийн Эльтерес хаан, Ильбилгэ хатан хоёрт зориулан босгосон хэмээн үздэг.


Буган чулуу

Дөрвөн мянган жилийн тэртээх эртний овог аймгуудын өвөрмөц дурсгалын нэг юм. Ихэвчлэн баатар дайчин эрчүүдэд зориулан өвч бүрэн зэвсэгтэй нь дүрслэн босгосон байдаг. Буган хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү, нум сум, саадаг, хоромсого, жад, бамбай, гох дэгээ, гүйвэр дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай зэрэг амьтад дүрсэлсэн нь ч бий


1. Бат-Өлзийт сумын нутаг “Тэмээн чулууны ам” гэх газар хойноос урагш цуварсан 30 орчим дөрвөлжин булш байдаг. Энд  2.2-2.5 метр өндөр гурван буган хөшөө байх ба  саарал боржин чулуугаар үйлдэж, цагираг хэлбэрийн сэнжтэй хутга, бамбай, нум сум, бугын дүрсүүдийг сийлсэн байх аж.


2. Бат Өлзий сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км зайд Ар агуйтын амны зуух хэмээх газар хүрэл зэвсгийн үед холбогдох 4 буган чулуун хөшөө, 13 дөрвөлжин булш, 1 хиргисүүр, 3 булш нэг дор зэрэгцэн байрладаг. Эдгээрийг Ширээт уулын буган чулуун хөшөө, булш хиргисүүр хэмээн нэрлэдэг байна.

3. Нарийнтээл сумын нутаг Арцын дэнж” хэмээх газарт сэрвээгээрээ бөгтөр, зогсож буй жижигхэн адууны дүрсийг боржин булуун дээр хонхойлгож сийлсэн, бусад хэсэгт юуг сийлсэн нь тодорхойгүй хөшөө байдаг. Үүнийг нутгийнхан “Тахийн зурагт хөшөө” хэмээн нэрлэдэг байна.







相关新闻