Япон улс Хэнтий аймагт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-17 21:46:29
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий аймгийн Хэрлэн сумын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга Ц.Идэрбат нар гарын үсэг зурав.
Засаг дарга Ц.Идэрбат Хэнтий аймгийн Хэрлэн сумын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг засаж тохижуулснаар тус эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болох гэж байгаад баяртай байна гэлээ. Мөн тэрээр “Хэнтий аймгийн хувьд нэн чухал болох энэхүү тусламжийг үзүүлж буй Япон улсад талархал илэрхийлье” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол орны хөгжлийн үндэс суурь болсон хүний ​​нөөцийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарт Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжаар тасралтгүй хувь нэмэр оруулж ирсэнд Хэнтий аймгийн ард иргэд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг төлөөлөн Япон улсад талархаж байгаагаа илэрхийлэв.
Хэрлэн сумын уламжлалт анагаах ухааны эмнэлэг өнгөрсөн жилийн аадар бороо, мөндрийн улмаас ихээхэн хэмжээний хохирол амссан. Уг төслөөр тус эмнэлгийн барилгыг эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлэн дээвэр, гадна дотор засал, сантехник, цахилгаан шугам, халаалт болон агааржуулалтын системийн засварыг гүйцэтгэснээр тухайн орон нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл сайжрах юм.
相关新闻