Уул уурхай, эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-16 20:58:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас санаачлан гурав дахь удаа зохион байгуулж буй Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд үндэсний  чуулган өнөөдөр боллоо.

Тус чуулганд Монголын эрдэс баялаг, уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд оролцсон бөгөөд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор цахимаар чуулж, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил, жендэрийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Чуулганы үйл ажиллагааг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, MERIT төслийн захирал Женнифер Адамс нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Чуулганаар “УИХ дахь хариуцлагатай уул уурхайн лобби бүлгийн туршлага, ололт, сургамж” сэдвээр УИХ-ын гишүүн асан, доктор А.Ундраа, “Өөрчлөгдөж буй ертөнцөд тэгш байдлыг тогтоох нь” сэдвээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч Т.Чимэгсанаа, “Эрдэнэт үйлдвэрийн сайн туршлага” сэдвээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарын есөн илтгэгч илтгэл танилцууллаа.

Мөн “Хариуцлагатай уул уурхай”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Компанийн сайн засаглал-нийгмийн нөлөөлөл” сэдвээр салбар хоорондын хэлэлцүүлэг болсон юм.

 

相关新闻