Эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцон их сургуульд суралцах эрхээр шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-16 17:26:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-оос “Эрхийн дээд монгол эр хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг аймаг, нийслэлийн Цэргийн штабтай хамтран зохион байгууллаа.

Уралдаанд Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхчимэг амжилттай оролцон тусгай байрт шалгарч, “Отгонтэнгэр” их сургуулийн англи хэл, сэтгүүлзүйн ангид сонголтоороо нэг жил төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнууллаа.

Эсээ бичлэгийн уралдаанд Өвөрхангай аймгийн 11 сумын 15 сургуулиас 12 дугаар ангийн 186 сурагч оролцож, авьяас ур чадвараа сорьсон бөгөөд аймгийн Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газраас шилдэг 10 эсээг шалгаруулан “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-нд хүргүүлжээ.

Мөн тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Сант сумын ЕБС-ийн сурагч А.Пүрэвдолгор, Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Хажидмаа, Мэргэд сургуулийн сурагч Э.Энхтамир, 4 дүгээр сургуулийн сурагч О.Энхжин, Хайрхандулаан сумын ЕБС-ийн сурагч Д.Одгэрэл нарын бүтээлийг аймагтаа шалгаруулаад байна.

相关新闻