О.Айым: Ажлын байрыг дэмжих зээл авахаар 210 аж ахуйн нэгж хүсэлт гаргаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-15 18:18:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд “Ажлын байрыг дэмжих зээл” олгох ажлыг энэ өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Уг ажлын явц, зээлийн нөхцөл, шаардлагын талаар Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч О.Айымтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.  


Ажлын байрыг дэмжих зээлийн ерөнхий нөхцөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд олгох “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн нийт хэмжээ 2 их наяд төгрөг хүртэл, Засгийн газраас үзүүлэх зээлийн хүүгийн дэмжлэгийн хэмжээ 6 нэгж хувь байна. Уг зээлд хамрагдсан аж ахуйн нэгжид Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна Зээлийн батлан даалтын сангаас Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг буюу үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн батлан даалт гаргана. Батлан даалтын шимтгэл нь батлан даасан дүнгийн 1 хувь байдаг.


Зээл хүсэгч аж ахуйн нэгжүүд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагыг хангасан байна. Хамгийн гол нь зээлийг ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах ёстой.


Шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд хэдий хэмжээний зээл олгох вэ?

- Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл байгаа. Харин зээлийн хугацаа 3 жил хүртэл, жилийн хүү 3 хувь байна. Зээлийн хүүг тооцохдоо “Хуанлийн хоног/365” гэсэн аргачлалыг ашиглах бөгөөд эргэн төлөлтийг сар бүр хийнэ.


Зээлийн шимтгэл, хураамж ямар байх вэ?

- Банкны үйлчилгээний хураамж, шимтгэлийн ерөнхий нөхцөлөөр буюу ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүний шимтгэл, хураамжаас ихгүй байна.


Зээлийг эргэн төлөх үүргийг хэрхэн баталгаажуулах вэ?

- Банкны шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийн барьцаа, батлан даалттай зээл бол Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтаар баталгаажуулна.


Зээлдэгчдийг үндсэн төлбөрөөс хэдий хугацаанд чөлөөлөх вэ?

- Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар эсвэл нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна.


-   Зээл авсан аж ахуйн нэгжүүд банктай байгуулсан гэрээгээ зөрчсөн тохиолдолд яах вэ?

- Зээлдэгч зээлийн төлбөр (үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлэх болно.


Одоогоор Баян-Өлгий аймгийн хэдэн аж ахуйн нэгж зээл авах хүсэлт гаргасан вэ?

Энэ сарын 12-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймаг дахь арилжааны банкуудад нийтдээ давхардсан тоогоор 210 аж ахуйн нэгж өргөдөл ирүүлсэн байна.


Зээл олгох ажил хэдийн хугацаанд үргэлжлэх вэ?

Энэ сарын 5-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгоно.


-  Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

相关新闻