Байгаль хамгаалагч нар янгир ямаанд өвс тавьж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна.
Сүүлийн үед янгир ямааны тоо толгой өсөж байгаа бөгөөд цас их орж хатуурсны улмаас идэш тэжээлийн хомстолд оржээ. Байгаль хамгаалагч нар машинаар Улаан тайгын Хөгийн голд дөхөж очоод өвсөө үүрч, цас ихтэй модтой уул, хадны ирмэг, уулын налуу мөсөн голоор явган явж янгир хэвтдэг хадан цохионы нөмөрт 15 боодол өвсийг тавьж өгчээ.
Тус аймгийн хэмжээнд 2013 онд янгир устах аюулд орж ганц хоёрхон харагдаж байсан бол хамгаалалтад авснаар өнөөдрийн байдлаар Улаан тайгад 150 орчим янгир ямаатай болсон гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байв. Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг ажээ.