Баян-Өлгийн зарим нутгаар салхины хурд 28 м/с-д хүрч шороон шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
нутгаар өнөөдөр үдээс хойш салхины хурд ширүүсэж аюултай үзэгдэл ажиглагдаж
байна.
Тодруулж хэлбэл, Өлгий хотод салхины хурд дунджаар 24 м/с, түр
зуур 28 м/с, Буянт суманд 17, Цэнгэл, Улаанхус, Сагсай суманд 16 м/с-д буюу аюулын түвшинд хүрч байгааг цаг уурын байгууллагаас
мэдээллээ. Шуурганы улмаас аймгийн төвийн зарим албан байгууллага, айл өрхийн
дээврийн төмөр салхинд хийссэн мэдээлэл байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр нутгийн баруун, баруун өмнөд хэсгийн зарим газраар цас орж, уул даваануудад
цасан шуурга шуурах төлөвтэй байгаа.
Үүний улмаас халтиргаа гулгаа үүсэх, зам,
даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул малаа
холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байхыг иргэдэд онцгойлон
анхааруулж байна.