Нэг өрөө байртай айл 7 сарын хугацаанд 470 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-12 11:20:18
oyuka_hu@yahoo.com


Орхон /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс айл өрх болон зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулаан, хэрэглээний усны төлбөрийг төр хариуцахаар болсон. Төлбөрийн хөнгөлөлтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргахаар болж урьдчилсан байдлаар 650 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Тэгвэл орон сууц болон гэр хороолол, аж ахуйн нэгжүүд 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сар хүртэл хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгааг танилцуулъя.

Нэг өрөө байрны нэг сарын дулааны мөнгө ойролцоогоор 21.669 төгрөг, цахилгааны төлбөр 30.646 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 17,974 төгрөг бөгөөд нэг сард дунджаар 70.290 төгрөгийн хөнгөлөлт тооцогдож байна. Үүнийг өнгөрсөн 12-р сараас 2021 оны долоодугаар сар хүртэл тооцож үзвэл нийт 470. 359 төгрөг нэг өрөө байртай айл өрхөөс хөнгөлж байна.

 

Хоёр өрөө байртай айлаас сард ойролцоогоор 87.724 төгрөг, долоон сарын хугацаанд нийт 579. 352 төгрөг хөнгөлнө.

 

Гурван өрөө байртай айлаас сард ойролцоогоор 102.128 төгрөг, долоон сарын хугацаанд  674,210 төгрөг хөнгөлнө.

 

Дөрвөн өрөө байртай айлаас сард  дунджаар 118.722 төгрөг, долоон сарын хугацаанд 783.791 төгрөг хөнгөлнө.

 

Харин гэр хорооллын айл өрхийн хувьд цахилгаан, цэвэр ус буюу Ус түгээх байрнаас авах усны мөнгө нийлээд сард ойролцоогоор 38.600 төгрөг буюу долоон сарын хугацаанд нийт 270,000 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

 

Харин томоохон худалдааны төв болох Төгөл их дэлгүүрийн хувьд нэг сард төлсөн дулааны мөнгө ойролцоогоор 2.818,647 төгрөг, цахилгааны төлбөр 4.314.286 төгрөг, цэвэр бохир усны төлбөр 1.292.794 төгрөг  байна. Энэ нь долоодугаар сар хүртэл 50.655.198 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үг.

 

Мөн томоохон ресторан, паб, баар нь сард дунджаар 2-3 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлж долоон сарын хугацаанд ойролцоогоор 15-20 сая төгрөгийн төлбөр хөнгөлөгдөх боломжтой болж байгаа юм.

Энэ нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн хувьд хүндрэл учирч буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд томоохон дэмжлэг болж байна. Дээрх судалгааг “Эрдэнэт Ус” ДТС, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргасан юм.

 

相关新闻