Ардын уран зохиолч С.Магауиягийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн
Султаниягийн Магауиягийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.
Тэрээр 1921 онд
төрсөн бөгөөд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Баян-Өлгий аймагт
байгуулсан анхны 12 казах сургуулийн нэг болох Дэлүүн сумын сургууль, МАХН-ын Төв
хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж байжээ. Анхны
хөдөлмөрийн гараагаа багшаар эхэлж, Баян-Өлгий аймгийн "Өркендеу" /Өрнөх/
сонинд сурвалжлагчаас эрхлэгч хүртэл дэвшин ажилласан байна.
1950-иад оноос
уран зохиолд хөл тавьж, "Чингис хаан" шүлэглэсэн роман, "Үрсийн хувь заяа", "Сургуулийн жилүүд", "Эх орны хөвгүүд", "Хэнд ч битгий хэл", "Амьдралын хээ
хуар" зэрэг 10 гаруй бүтээлийг казах, монгол хэлээр туурвижээ. Мөн "Монголын
нууц товчоо"-ны сонгомол эх, "Жангар" тууль, "Эр хоёр загал",
Ц.Дамдинсүрэнгийн "Гологдсон хүүхэн" зэрэг олон бүтээлийг монгол хэлнээс казах
хэлэнд орчуулжээ.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар түүнд Ардын
уран зохиолч цол хүртээсэн бөгөөд 2009 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн
байна.
Зохиолч, сэтгүүлч,
орчуулагч С.Магауиягийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх
тухай аймгийн ИТХ-аас хараахан шийдвэр гараагүй. Харин аймгийн
Нийтийн номын сангаас бүтээлүүдийг нь сурталчлах ажлуудыг шат дараатай хийхээр
төлөвлөж байгаа ажээ.