Дархлаажуулалтад эмнэлгийн стандартын шаардлага хангах байрны асуудал тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-09 17:45:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд, Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын багийн гишүүд өнөөдөр эрүүл мэндийн байгууллагуудын ажилтай танилцав.


Тодруулбал, ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, ажлын багийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтай танилцсан юм.


Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 3372 болоод байгаа. Үүнээс Улаанбаатарт 2512 (+33), Архангай 3, Говьсүмбэр 4, Дархан-Уул 45, Дорноговь 32, Завхан 2, Орхон 25, Сэлэнгэ 217, Төв 7 (+3), Энхсаран тусгаарлалтын байранд 49, ХӨСҮТ-д 33, ЦТЭ-т 22, ЭНЭҮТ-II-1, зөөвөрлөгдсөн 421 байна.


Улсын хэмжээнд Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 13 мянга 962, дүүргийн онцгой байдлын 1219, Цагдаагийн 2862, Мэргэжлийн хяналтын 146, хорооны хэсгийн ажилтан 1368, 59-64 насны 69, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 1350, нийт 20976 иргэнийг дархлаажуулалтын 1 дүгээр тунд хамруулжээ.


Чингэлтэй дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 6 цэгээр вакцинжуулалтыг хийх бөгөөд өнөөдрийн байдлаар 5 дахь цэгээ нээж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой байдал, цагдаа, хороо хэсгийн ажилтан зэрэг зорилтот бүлгийн 8240 хүнийг дархлаажуулахаар төлөвлөснөөс 3000 хүнийг дархлаажуулжээ. Өдөрт нэг цэг дээр 214 орчим хүнд вакцины 1 дүгээр тунг хийхээр төлөвлөсөн бөгөөд УИХ-ын ажлын багийн гишүүдийг ажиллах үеэр буюу 13.00 цагт хоёр цэгт 190 хүнийг вакцинд хамруулаад байгааг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан хүүхдийн эмч Г.Эрдэнэтуяа хэлэв.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,”Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган өрхтэй. Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэнд, онцгой, цагдаагийн алба хаагчдыг хамруулахаар төлөвлөж байгаа. Өнөөдрөөс эхлэн энгийн иргэд харьяаллын дагуу вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсон. Чингэлтэй дүүргийн хувьд бэлтгэл ажил сайн явж байна. Монгол Улс анх удаа энэ вакциныг хийж байгаа учраас тухайн иргэнд үзүүлэх хариу урвал, хүндрэлийг хянах, ажиглах өрөөг хүртэл байгуулах шаардлагатай болсон. Вакцин тариулсан иргэдийн 30 орчим хувьд нь халуурах, толгой эргэх, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрч буй бөгөөд эдгээр нь вакцин хийлгэснээс хойш 15-30 минутын дараа илрэх нь түгээмэл байгаа. Иймд дархлаажуулалтын цэгүүдийг байгуулахдаа аль болох эрүүл мэндийн байгууллагыг түшиглэх нь оновчтой байна. Нийслэлд 44 байршилд вакцинжуулалт хийхээр төлөвлөснөөс 30 нь эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэсэн, 14 нь томоохон заал танхимуудыг ашиглахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Заал танхимуудыг ашиглахад компьютер, сүлжээ болон халдвар хамгааллын асуудал тулгарч байна” гэв.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, "Дархлаажуулалтын цэгүүд дээр зохион байгуулалтын асуудлыг анхаарах шаардлагатай байгаа нь ажиглагдаж байна. Нэг хүнд зарцуулах хугацаа 30-40 минут, зарим үед 50-60 минут болж байна. Ажиглалтын өрөөнд байх, асуумж бөглөх зэргээр хугацаа шаардаж байгааг хөнгөвчлөх, нэгдсэн цахим системийг ашиглах талаар зохицуулалт хийх хэрэгтэй. УИХ-аас хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, удаашралтай байгаа асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Иргэдээ аюулгүй, эрсдэлгүй орчинд вакцинжуулах цогц үйл ажиллагаа явагдаж байгаа учраас эмч, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг анхаарах нь чухал байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 29 мянга гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Чингэлтэй дүүргийн хувьд энэ сард багтаан зорилтот бүлгийн 8200 хүнээ бүрэн хамруулна. Дархлаажуулалтын ажлыг мэргэжлийн баг хийх ёстой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар дархлаажуулалтын ажил гээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орхигдуулж болохгүй" гэлээ.


Чингэлтэй дүүргийн хувьд дархлаажуулалтын нэг цэг дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Нэмэлтээр олон цэг байгуулахад эмнэлгийн стандартын шаардлага хангах байрны асуудал тулгарч байгааг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва хэлж байлаа.


Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд дархлаажуулалтын УБЦТС ТӨХК-ийн, ДЦС-4-ийн, Явуулын 2,  нийт  4 цэг ажиллаж байна. Дархлаажуулалтын байнгын цэг нь хүлээлгийн хэсэг, бүртгэл, эмчийн үзлэгийн хэсэг, дархлаажуулалтын хэсэг, дархлаажуулалтын дараах ажиглалтын хэсгүүдээс бүрдсэн. Цэг тус бүрт 1-3 үзлэгийн эмч, 1-3 вакцинатор, 1-3 бүртгэгч-сувилагч, 2 зохицуулагч, дархлаажуулалтын дараах ажиглалтын 1 эмч, 1 сувилагч, 1 ариутгагч, 1 үйлчлэгч гэсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2099 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.


Харин Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 1089 тун вакцинд нэгдсэн эмнэлгийн 200 эмч, ажилтан, нийт 6 өрхийн эрүүл мэндийн төвийн 79 эмч, ажилтан, цагдаагийн 189 алба хаагч, онцгой байдлын 189 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 43 ажилтан, дотоодын цэргийн 416 алба хаагчийг хамруулсан байна.


Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дархлаажуулалтын 2 цэг ажиллаж байгаа бөгөөд цэг тус бүрт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 811 хүнийг вакцинжуулжээ. Эмнэлгийн байгууллагын ачаалал их байгаагаас шалтгаалан нарийн мэргэжлийн эмчийн тоо хангалтгүй байх, нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн хүртээмж болон вакцинжуулалт хийх стандартын байрны хангалт муу зэрэг асуудал дархлаажуулалтын цэгүүдэд нийтлэг тулгамдаж байна. Мөн ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу нэг хүнд зарцуулах цаг 30-40 минут байгаа нь дархлаажуулалтын явц удаашрахад нөлөөлж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.

相关新闻