Зуунмод суманд коронавирусний дөрвөн тохиолдол батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-03-06 18:19:44

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд коронавирусний  4 тохиолдол батлагдаж, сум дотроо тэг зогсолт хийлээ. 

Тодруулбал, 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос иргэн “З” нь Төв аймгийн Зуунмод суманд буяны ажилд оролцохоор ирэхдээ PCR шинжилгээ өгөлгүй хулгайн замаар ирээд буцсан байна. Улмаар Улаанбаатар хотод эргэн очихдоо шинжилгээ өгсөн нь 3 дугаар сарын 4-ний өдөр эерэг гэсэн хариу гарчээ.

Иймээс Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг Төв аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авч 3 дугаар сарын 6-ны өдрийн 15: 00 цагийн үед 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол 4 хүнийх эерэг гарч, Зуунмод суманд коронавирусний халдвартай 4 тохиолдол батлагдлаа. Иймд Төв аймгийн Зуунмод хот руу орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Харин Зуунмод сум дотроо тэг зогсолт хийсэн гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлэв. 

相关新闻