Галшар адууг анх удаа үүлдэр болгож баталгаажууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙГалшар адууны үүлдрийг баталгаажуулахаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хэнтий аймгийн мал аж ахуйн газраас гарсан ажлын хэсэг Галшар суманд ажилласан байна. Тус ажлын үр дүнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны ажлын хэсэг Галшар адууг үүлдэр болгож албан ёсоор баталгаажуулжээ.
Учир нь Галшарын адуу нь тал хээрийн бүс нутагт гойд сайн зохицсон. Гол давуу тал нь хурдан удам угшлын адууны бие галбиртай. Тухайлбал, бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжтэй. Тиймээс анх удаа Галшар адууг үүлдэр болгон баталгаажуулж байгаа нь энэ аж.
Хэнтий аймгийн хувьд 2011 оноос эхлэн гал шар угшлын адууг үүлдэр болгон баталгаажуулах судалгааг генийн түвшинд хүртэл хийсэн байна. Тус судалгааны үр дүнд дээр суурилан Хүнс, хөдөө аж ахуйн яамны баг Хэнтий аймгийн Гал шар, Баянмөнх, Баянхутаг суманд амжилттай ажиллалаа. Галшарын адуу Хэнтий аймгийн Галшар сумаас гадна Баянмөнх, Дархан, Баянхутаг, Баянцагаан, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг гэх мэтчилэнгээр нийт 80 гаруй суманд тархсан. Үржлийн тоо нь 2000 даваад байгаа учир үүлдэр болон гарах бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Гал шарын адууны амьдын жин нь азарга нь 370 кг орчим, өндөр нь метр 31 см, урт нь метр 36 см, цээжний бүслүүр метр 64, шилбэний бүслүүр 18 см орчим байдаг. Харин гүү нь 335 кг орчим, өндөр нь метр 28, урт нь метр 35, цээжний бүслүүр метр 58, шилбэний бүслүүр 17 см орчим байдаг ажээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг