Оросууд шинэ онгоцоо “Boeing”, “Airbus”-аас илүү гэж үнэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-10 13:04:02

МОСКВА. /AP/.  ОХУ дунд зайн зорчигч тээврийн онгоц зохион бүтээснээ танилцуулсан бөгөөд энэ онгоц нь Европт үйлдвэрлэсэн бусад онгоцнуудаас олон талаараа давуу гэдгийг Оросын хэвлэлүүд онцолж байна.  

Сибирьт болсон ёслолын арга хэмжээний үеэр "Иркут" корпорац “МС-21” гэдэг шинээр зохион бүтээсэн нисэх онгоцоо танилцуулсан байна. Уг ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцжээ. Шинэ онгоцыг одоогоор туршиж байгаа бөгөөд 2017 оноос олноор нь үйлдвэрлэж эхлэх юм.

Медведев хоёр хөдөлгүүртэй ойрын болон дундын зайнд зорчигч тээвэрлэх уг онгоцыг хараад “гайхалтай” хэмээн дуу алджээ. Тэрбээр хэлэхдээ “үйлдвэрлэлийн зардал өндөр байгааг эс тооцвол ОХУ онгоц үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт орж байгаа нь маш чухал” гэж онцлон тэмдэглэлээ.

Украины хямралд оролцсон гэх үндэслэлээр барууны орнуудын авсан хориг арга хэмжээнд өртөөд буй ОХУ гадаадын компаниудаас хараат байдлыг багасгахын тулд дотоодын үйлдвэрлэлээ сэргээхийг хичээж байгаа юм.

МС-21 онгоц нь 160-211 хүний суудалтай “МС-21-300”, 130-165 хүний суудалтай “МС-21-200” гэсэн хоёр загвартай ажээ.  

2018 оноос уг онгоцоор зорчигчид тээвэрлэж эхлэх бөгөөд одоогоор дотоод болон гадаадын агаарын тээврийн компаниудтай олон тооны гэрээ хэлцэлд хийгээд байгаа ажээ.

"Иркут" корпорацийн дэд захирал Владимир Волков хэлэхдээ “энэ онгоцыг металлаар хийгээгүй харин холимог материалаар хийсэн учраас өвөрмөц хэлбэртэй байгаа юм. Бидний зохион бүтээсэн онгоц илүү хөнгөн, илүү хүчтэй байх бөгөөд манай улсын нисэх хүчний салбарын хөгжилд томоохон  алхам болно” гэлээ.

Х.Сарнай

 

 

相关新闻