Израилд хорио цээрийн дэглэмийг сулруулах хоёр дахь үе шатыг эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилд хорио цээрийн дэглэмийг сулруулах хоёр дахь үе шатыг ням гаргаас эхлүүлсэн тухай Kan радио мэдээлжээ.
Хорио цээрийн дэглэмийг сулруулах хоёр дахь үе шатны хүрээнд Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу худалдааны төв, дэлгүүр, захуудыг нээсэн байна. Түүнчлэн COVID-19-өөс эдгэрсэн болон “Pfizer”-ийн коронавирусний вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн хүмүүст усан бассейн, зочид буудал, музей, номын сангуудыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зааврын дагуу нээжээ. Мөн тасалбараа урьдчилан захиалж, соёлын болон спортын арга хэмжээнд оролцож болох аж.
Үүнээс гадна, сургуулийн тав, зургаа, 11, 12 дугаар ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэн байна.
2020 оны гуравдугаар сараас хойших хорио цээрийн гурав дахь дэглэм Израилд 12 дугаар сарын 27-нд эхэлсэн бол нэгдүгээр сарын 8-ны өдрөөс чангатгасан билээ. Харин хязгаарлалтыг сулруулах эхний үе шатыг хоёрдугаар сарын 7-нд эхлүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оршин суугаа газраасаа 1 км-ээс хол зайд явах хоригийг цуцалсны дээр цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газруудыг нээжээ. Түүнчлэн кафе, зоогийн газруудад хүргэлтийн үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн байна.