Ойжуулалт чанаргүй хийсэн компанид санхүүжилт олгоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-16 18:50:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн онд 300 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна. Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр  Бугат сумын Түлүүгийн давааны ар, Харгана, Хангал сумын Бэрх, Сэлэнгэ сумын Хавчирганга гэдэг газар нийтдээ 230, улсын төсвийн хөрөнгөөр Сэлэнгэ сумын Их хайлантайд 20 га талбайд ойжуулалт хийжээ. Мөн мод бэлтгэлийн аж ахуй нэгжүүд 50 га талбайд ойжуулалтын ажлыг хийж сум дундын ойн ангид хүлээлгэж өгсөн байна.

            - Аймгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг 2020 оны ойжуулалтын тарьцны амьдралтыг 30,0-91,0 хувьтай хүлээн авлаа. Мөн 2018-2019 онд Хангал, Сэлэнгэ, Бугат суманд хийсэн ойжуулалтын ажлын ургалт 48,0-69,0 хувьтай байсан бөгөөд  гүйцэтгэсэн аж ахуй нэгжид нөхөн тарилт хийх талаар заавар зөвлөгөө өглөө. Хангал суманд ойжуулалт хийсэн Ойн хүрэм, Хөвөнтөн ой ХХК-иуд ойжуулалтын амьдралтыг 30,0-35,0 хувьтай хүлээлгэж өгсөн тул үлдэгдэл санхүүжилтийг олголгүй байхаар шийдвэрлэсэн. Ойжуулалт хийхээр авсан санхүүжилтийн хэмжээнд нөхөн тарилт хийж, энэ онд хүлээлгэж өгөх талаар акт үйлдсэн гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.

相关新闻