Канад иргэдийнхээ зэвсгийг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-02-16 12:37:45

ОТТАВА. /СTV/. Канадын Засгийн газар зэвсгийн тухай хуулийг чангатгах санаачилгын хүрээнд зэвсэг худалдан авах томоохон хөтөлбөрийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхлэх гэж байгаа тухай СTV телевиз мэдээлэв.


Тус телевизийн Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснээр, уг хөтөлбөрийн хүрээнд зэвсэг эзэмшигчдэд санал болгох нөхөн төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргасан байна. Энэхүү хөтөлбөрт хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулах талаар СTV телевиз мэдээлээгүй боловч Австрали улсад ийм хөтөлбөр хэрэгжүүлэхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс 280 сая доллар зарцуулж байжээ.


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 2019 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тус улсын зэвсгийн хуулийг чангатгана гэж амлаж байв. 2020 оны дөрөвдүгээр сард Канадын Шинэ Шотланд мужид зэвсэгт этгээд 23 хүний аминд хүрсэн хэрэг гарсны дараа тус улсад 1500 нэр төрлийн буу зэвсгийг ашиглах, худалдах, худалдан авах, импортлох, тээвэрлэхийг хориглосон байна.  


Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд шилжих шөнө хиймэл шүдний техникчээр ажиллаж байсан Гэбриел Уортман гэгч 51 настай эрэгтэй Шинэ Шотланд мужийн хэд хэдэн хотод хүмүүс рүү гал нээж, 22 хүний ​​аминд хүрчээ. Канадын түүхэнд 1989 онд Монреалийн Политехникийн хүрээлэнд зэвсэгт этгээд 14 хүний ​​аминд хүрч байснаас хойш хүмүүс рүү гал нээж, ийм олон хүн хөнөөсөн хэрэг урд өмнө гарч байгаагүй байна. 

相关新闻