Риогийн цом наран ургах Дорнод аймгаас аялалаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-06-09 10:32:15

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ээс “Рио-2016” олимпийн наадмыг Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлэх эрхийг авсан юм.

Энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа Дорнод нутгийнхан “Рио-2016” олимпийн наадмын цомыг албан байгууллагуудаар аялуулах шийдвэр гаргасныг Дорнодынхон хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Онцгой эрхийг авсан МҮОНРТ нь Риогийн олимпийн наадмыг угтсан ажлын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь Олимпийн тоглолтын дамжуулалтыг дэмжих “MNB-Рио 2016” цомын аялал юм.

   

Энэхүү цомын аяллыг эх орны наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 6-ны өдрийн 16:16 цагт Дорнод аймгийн төв Тусгаар тогтнолын талбайд ёслол төгөлдөр болов. Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар тэргүүтэй Дорнод аймгийн ЗДТГ, албан байгууллагууд, спорт хорооны удирдах ажилтнууд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын СГЗ Ж.Отгонцагаан болон Дорнод аймгаас төрсөн үе, үеийн тамирчдын төлөөлөл, нутгийн иргэд нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

  

“MNB-Рио 2016” цомыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар хүлээн авч Дорнод аймаг, Риогийн олимпийн цом дамжуулалтыг дэмжиж талархан хүлэээн авч байгаагаа албан ёсоор зарласан. “MNB-Рио 2016” цом сарын хугацаанд Дорнод аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээр аялна. Энэ хугацаанд цом хүлээж авсан байгууллагууд спортын уралдаан, тэмцээн зохион байгуулж биеийн тамир, спорт, олимпизийг сурталчлах үүрэг хүлээх юм. Дорнод аймгаас эхэлсэн цомын аялал бусад аймгуудад үргэлжилнэ.

   

Дорнод аймагт 1983 оноос эхлэн 33 жил боксын дасгалжуулагчаар ажиллахдаа олон арван шилдэг боксчдыг төрүүлж байгаа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн гавьяа их билээ. Түүний шавь нараас “Рио-2016” олимпийн наадамд хүч үзэх эрхээ авсан боксчид ч бий. Тухайлбал, Монголын боксчдын медалийн буухиаг үргэлжлүүлэх найдвар болсон тамирчдын нэгд ОУХМ Д.Отгондалай зүй ёсоор орж байгаа юм. Мөн хөнгөн атлетикийн төрөлд Дорнод нутгаас төрсөн шилдэг залуу марафонч ОУХМ Б.Мөнхзаяа "Рио-2016" олимпийн их наадамд оролцох эрхээ аваад байгаа.

 

Монголынхоо тамирчдын "Рио-2016" олимпийн медаль зүүх торгон агшныг ард түмэндээ толилуулах онцгой эрхийг авсан МҮОНРТ-ийн хамт олонд талархаж байгаагаа спортлог Дорнод нутгийн иргэд талархал илэрхийлж үе үеийн тамирчдынхаа баяр ёслолын жагсаалыг зохион байгуулсан юм.

Д.Өлзий

相关新闻