Хэнтий аймгийн Урчуудын эвлэл шинэ байрны нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ69 жилийн түүхтэй Хэнтий аймгийн урчуудын эвлэлийн шинэ өнгө төрх бүхий орчин үеийн шийдэлтэй арт галарейн шинэ төв үүд хаалгаа нээлээ.
Монголын урчуудын эвлэлийн хорооны харъяа Хэнтий аймгийн урчуудын эвлэлийн салбар нь 1947 онд анх байгуулагдаж, Хан хэнтий нутагтаа дүрслэх урлагийн салбарын бүхий л ажлын хариуцан зураач, уран барималчид уран бүтээлээ туурвиж, залгамж халаа болсон залуу зураач уран бүтээлчдийг бэлтгэх, дизайн, засал чимэглэлийн ажлуудыг мэргэжлийн түвшинд урлаж мэргэжлийн дагуу зөвлөх ажлуудыг хариуцлагатайгаар хийсээр иржээ.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон Монголын урчуудын эвлэлийн хорооны төлөөллүүд хүрэлцэн ирсэн бөгөөд тус урланд 40 гаруй бүтээл дэлгэжээ.
Аймгийн урчуудын холбооны дарга Д.Батхуяг “Хан хэнтий аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор Хэнтий урлангаа нээн ажиллуулж эхэлснээс хойш 13 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ тасралтгүй туурвиж, орон нутагтаа болон улс, олон улсын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, бие даасан, урчуудтай хамтран ажиллаж тэдний бүтээлээ туурвихад нь мэргэжлийн зүгээс зааж сургах, шинэ залуу авъяастнуудыг нээн илрүүлэх чиглэлээр урлагийн баримжаа олгож зааж сургах, цаашид дүрслэх урлагийн чиглэлээр элсэн суралцахад зөвлөгөө туслалцаа өгөх ажлуудыг өргөжүүлэн ажиллахыг зорьж байна” гэв.
Цаашдаа хөрш 2 улсын уран бүтээлчидтэй хамтарсан пелнер, зураачдын нийгэмлэгийг байгуулан мэргэжлийн нэг баг хамт олныг бүрдүүлж чадсанаар олон улсын түвшинд хамтран ажиллах шинэ боломж нээгдэж байгаа аж.
Хэнтий аймаг О.Буянхишиг