Засаг дарга Ш.Оргил мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил
мэндчилгээ дэвшүүллээ.
Өргөн Сэлэнгэ
нутгийнхаа ахан дүүстээ, Дэлгэр Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхис, дэлхий
ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нутгийн зон олондоо учран
золгож байгаа Үхэр жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Хулгана жилд Сэлэнгийнхэн бид амжилт
бүтээл, сайн сайхны зэрэгцээ “Ковид-19” цар тахлын эрсдэлтэй нүүр тулан
хамтын хичээл зүтгэлээр даван туулж байгаа амаргүй жилийг үдэж байна.
Энэ он эх нутаг элгэн саднаа гэсэн
чинхүү сэтгэлийн хайр халамжийн гэгээтэй, хамтын хүч, эв нэгдлийн барилдлагатай
онцлог жил байлаа.
Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч бүтээлч
тариаланчид 2020 онд Монгол Улсад гарсан коронавирусний халдварын тархалтын үед үүссэн нөхцөл байдалд Монгол Улсын Засгийн газраас
барьсан эдийн засгийг тогтворжуулах, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг
100 хувь хангах, хүнсний ногооны хангамжийг 50-60
хувьд хүргэх, аймгийнхаа “ӨРХ БҮР
ХҮНСЭЭ БЭЛТГЭЕ” зорилтуудыг амжилттай хэрэгжүүллээ.
Аймгийн хэмжээнд 181.4 мян.га талбайд тариалалт хийснээс улаанбуудай 151.1 мянга га, бусад үр тариа 3660 га, тэжээлийн ургамал 5199 га, тосны ургамал 23143 га, төмс 2725 га, хүнсний ногоо 2586 га талбайд тариалж, үр тариа 102.5 хувь, төмс 108 хувь, хүнсний ногоо 98.7 хувь ургацаа хураан авч, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ.
Монгол
Улсын түүхэнд анх удаа төрийн албан хаагчдаа урьдчилгаа төлбөргүй, хүүгүйгээр
орон сууцжуулж шинэ менежментийг эхлүүллээ. Ард иргэдээ эрүүл аюулгүй нөхцөлд
ажиллаж, амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэн хатуу хучилттай авто замуудыг
хэрэгцээ шаардлагатай газруудад тавьж, шинэ спорт заал, хүүхдийн цэцэрлэгүүдийн
үүдийг нээгээд байна.
Аюулт вирусийг эвийн ухаан, хамтын
зүтгэлээр даван гарч, Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90
жилийн түүхэн ойт Үхэр жилдээ нутгийн түмэн олон минь элбэг хангалуун, сэтгэл
тэнүүн, аз хиймориор дүүрэн байхын ерөөлийг өргөе.
Халуун ам бүлээрээ гэр, гэртээ сар
шинийн баяраа тэмдэглэж, хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалж,
өндөр хариуцлагатай байхыг ард иргэддээ уриалж байна.